COVID-19: Бельгийн иргэд эрх баригчдынхаа эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ
2020-05-25

Бельгийн 40 иргэн төр болон Дотоод хэргийн яам, дотоод хэргийн сайдын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэд ийнхүү зарга мэдүүлэх болсон нь "хөл хорионы хүрээнд оршин суугчдын эрх, эрх чөлөөг хязгаарласан" хэмээн үзэж байгаатай холбоотой гэж Regnum агентлаг дамжуулсан байна.

 

Шүүхэд хандсан иргэд Бельгийн эрх баригчид хүний эрхийн салбар дахь Европын хууль тогтоомжийг харгалзан үзэлгүйгээр Хятадад авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг бодлогогүйгээр хуулбарласан хэмээн үзэж байгаа аж. Мөн Бельгид хөл хориотой холбоотой хязгаарлалтуудыг сайтар судлах ёстой байсан гэж цохон тэмдэглэжээ.

 

Энд дуулгахад, Бельги улсад тавдугаар сарын 24-ний байдлаар COVID-19 вирусийн халдварын тоо 57 мянгыг давсан байна. Тус улс 11,5 сая хүн амтай бөгөөд коронавирусийн тестийг гагцхүү өвчлөлийн шинж тэмдэг хурцаар илэрсэн халдвартай хүмүүст л хийж байгаа аж. Бельгид гуравдугаар сарын 14-нөөс эхлэн хөл хорио тогтоож, боловсрол, соёл урлаг, олон нийтийн байгууллагууд хаагдан, оюутан, сурагчид алсын зайн сургалтад хамрагдах болсон юм. Мөн олон нийтийн арга хэмжээнүүд болон улс дотор зорчих хөдөлгөөнийг хориглож байв. 

 

Харин энэ сарын дөрөвний өдрөөс эхлэн хөл хориог аажмаар цуцлан, олон нийтийн газарт хамгаалалтын амны хаалт зайлшгүй зүүх журам гаргасан. Гэсэн ч энэ зуныг дуустал хөл хорио үргэлжилж болзошгүй хэмээн анхааруулж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэд нар ямар хамаатай юм бэ! Монголд тэг гэж уриалж байгаа хэрэг юм уу? Балайнууд чинь!
2020-05-25