Цагаан ордон цар тахлыг Чернобылийн АЦС-ын сүйрэлтэй зүйрлэв
2020-05-25

Уханьд коронавирусийн халдвар дэгдсэн тухай мэдээллийг Хятадын эрх баригчид нуусан нь 1986 онд Чернобылийн Атомын цахилгаан станц дээр гарсан ослыг Зөвлөлт Холбоот Улс нуун дарагдуулж байсантай ижил хэрэг хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О'Брайен мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа.

 

"Тэд вирусийн дэгдэлтийн талаарх мэдээллийг нуусан явдлыг  өөр нэг түүхэн үйл явдал болох Чернобылийн сүйрлийн үеийнхтэй харьцуулж болохоор. 10-15 жилийн дараа бид НВО сувгаар энэ талаар харуулсан цуврал кино үзнэ" гэж тэрбээр нэмж өгүүлсэн байна. 


Түүнчлэн коронавирусийн цар тахал нь Америкийн эдийн засагт ноцтой хохирол учруулсны дээр АНУ-ын эрх баригчид эдийн засгаа сүйрүүлэхгүйн тулд олон их наяд доллар зарцуулахаас аргагүй болсон гэж О'Брайен онцолжээ. 

 

"Америк болон дэлхий даяар олон мянган хүний амь нас эрсдэх болсон гол шалтгаан нь үнэн бодит мэдээллийг нуусан явдал юм. Энэ бол үнэхээр л нуун дарагдуулсан хэрэг. Бид аажимдаа үнэн мөнийг олж мэднэ" хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.

 

Энд дуулгахад, Америкийн Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О'Брайен БНХАУ-ыг АНУ-аас COVID-19 вирусийн вакциныг хулгайлах гэж байна хэмээн өмнө нь буруутгаж байлаа. Тэрбээр АНУ вакцин бүтээсний дараа БНХАУ "хулгайлах гэж оролдох нь дамжиггүй" хэмээн мэдэгдэж байв. 

 

Ван И: АНУ БНХАУ-ыг шинэ хүйтэн дайнд түлхэж байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин