Хөрсний усан дахь хүнцэлд хордох аюултай улс орнуудын тоонд Монгол багтжээ
2020-05-26

Дэлхийн 64-220 сая орчим оршин суугч хүнцэлд хордох аюултай гэнэ. Ийм дүгнэлтийг дэлхийн хөрсний усанд хүнцэл хэр өргөн тархсаныг харуулсан анхны зураглалыг бүтээсэн эрдэмтэд гаргасныг Science сэтгүүл нийтэлжээ. 

 

"Хүнцэлд хордох аюул дэлхийн бүх тивд оршиж байна. Гэхдээ Азийн хөгжиж буй орнууд ихээхэн эрсдэлтэй байгаа бөгөөд эдгээр орнуудад аюулд учирсан нийт хүн амын 94 хувь нь амьдарч байгаа. Хөрсний усыг ундны усны эх үүсвэр болгон ашиглаж байгаа энэ үед асуудал нэн хурцдаж байгаа, улмаар ирээдүйд хичнээн хэмжээний аюул дагуулж болохыг ухамсарлах нь нэн чухал" хэмээн судлаачид онцолжээ.

 

Усан дахь хар тугалга, хүнцэл болон бусад бодисын агуулга өндөр байх нь хүний тархи болон бие организмд бүхэлд нь сөргөөр нөлөөлдөг гэнэ. Эртний Ромын уналтын нэг шалтгаан нь хар тугалгаар хийсэн сав суулга байж мэднэ гэж зарим түүхчид үздэг бол өнгөрсөн зууны дунд үеэр усан дахь хүнцлийн агууламж их байсан нь Тайваны зарим бүс нутгуудын оршин суугчид олноор хавдар тусах шалтгаан болсон гэж эрдэмтэд үздэг аж.

 

Эрдэмтдийн хийсэн ажиглалтаар, хүнс болон усан дахь хүнцлийн гол эх үүсвэр нь үйлдвэрийн хаягдал эсвэл хүний үйл ажиллагааны үр дүн биш харин хөрсний ус байдаг гэнэ. Энэтхэг, Бангладеш зэрэг зарим орнуудад ундны усны эх үүсвэрийн дөрөвний нэг орчимд хүнцлийн нэгдэл маш өндөр агуулагддаг нь нутгийн оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. 

 

Өмнө нь ийнхүү усан дахь хүнцэл хүний биед үзүүлэх сөрөг нөлөөний талаар судалж, таамаглаж байсан ч хүнцлийн бохирдлыг дэлгэрэнгүй харуулсан зураг гарч байсангүй. Харин Австралийн Өмнөд Квинслендийн их сургуулийн дэргэдэх усан дахь хүнцлийн бохидлыг судлах ЮНЕСКО-ийн төвийн мэргэжилтэн Майкл Берг болон Швейцарын гидрологи, технологийн холбооны хүрээлэнгийн экологч Жоэл Подгорски нар дэлхий даяар хөрсний усны хүнцлийн бохирдлыг харуулсан анхны нарийвчилсан зураг бүтээсэн байна. 

 

Энэ зургийг гаргахын тулд эрдэмтэд 80 гаруй эрдэм шинжилгээний ажилд судалгаа хийжээ. Улмаар тэд дэлхийн газрын зураг дээрх 58 мянган цэг дээр хүнцлийн агууламжийн хэмжээсийг нэгтгэсэн байна. Энэ мэдээллийг ашиглан Берг болон Подгорски нар хөрсний усны урсгалын компьютер загварчлал гаргасан бөгөөд энэ загварчлалд усанд хүнцлийн нэгдэл хуримтлагдахад нөлөөлдөг төрөл бүрийн экологийн болон байгаль-газарзүйн хүчин зүйлсийг харгалзан үзжээ. 

 

Энэ судалгаанаас харахад дэлхийн бүх тивд хөрсний усанд хүнцэл их хэмжээгээр агуулагдаж байгаа нь тогтоогдсон байна. Тухайлбал Канад, Калифорнийн өмнөд нутгууд, Аргентин, Намиби, Казахстаны хойд хэсэг, түүнчлэн Хятад, Монголын олон бүс нутагт хөрсний усан дахь хүнцлийн агууламж нэн өндөр байгаа гэнэ.

 

Эрдэмтдийн анхааруулснаар, дэлхийн 94-220 сая хүн хүнцэлд гүн хордох аюултай байгаа аж. Усан дахь хүнцлийн ямар агууламжийг аюулгүй гэж үзэхээс энэ тоо өөрчлөгдөх гэнэ. Ямартай ч хүнцэлд хордох аюултай хүмүүсийн ихэнх нь буюу 90 орчим хувь нь Пакистан, Энэтхэг, Бангладеш, Монгол, Хятадад амьдарч байгаа гэдгийг эрдэмтэд анхааруулжээ.

 

Эрдэмтдийн өгүүлснээр тэдний судалгаа нь улс орнуудын засгийн газрын анхаарлыг татаж, хөрсий усыг цэвэрлэх, түүнд агуулагдах хүнцлийн агууламжинд хяналт тавих ажлыг хийж эхлүүлнэ гэдэгт найдаж байгаа гэнэ.

 

Дашрамд дуулгахад, хүнцэл нь биологийн идэвхтэй микроэлементийн нэг байдгаар амьтан, ургамлын эс, шээсэнд бичил хэмжээгээр агуулагдаж байгаа нь хүн, амьтны физиологи зохицуулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хүнцлийн дутагдалд орсноор гормон тэнцвэр алдагдах, эсийг бэхжүүлэх ферментийн идэвхжилт сулрах, эрхтний амьсгалд өөрчлөлт ордог байна. Харин хүнцлийн илүүдэл үүсвэл үс унах, хоол боловсруулах систем өвчлөх, нүдний эвэрлэг бүрхэвч булингартах, хамрын хөндийн өвчлөл, хумс амархан гэмтэж хугарах, амт, үнэрийн хэт мэдрэмтгий зэрэг өвчний шинж тэмдэг илэрдэг. Ихэнх нөхцөлд хүнцэл нь усан уусмал хэлбэрээр биологийн эргэлтэд ордог тул төрөл бүрийн хүнцлийн уусмал нь хамгийн хор хөнөөлтэй байдаг байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хор хорны хаан буюу хаан хор хүнцэлээ гэж. Манайд ч харин мангар өргөн тархацтай ялангуяа алт ухаж буй нутгуудад аймар ил гарч ирдэг гээ биз дээ
2020-05-26
irgen:
mongold eroosoo hynsnii heregleenii usaa yamar baigaagch shalgadaggui meddegch ugui l baih, ….zevtei us garch baisanch toodoggui mash ayultai l baigaadaa
2020-05-26