COVID-19: Испани, Франц, Япон зэрэг орнуудад хөл хорио цуцалж эхлэв
2020-05-25

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас авч хэрэгжүүлсэн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээнүүдийг зарим оронд цуцалж, сулруулж эхэллээ. 

 

Тухайлбал, тавдугаар сарын 25-ны даваа гаригаас эхлэн Испанид баар, зоогийн газрууд ажиллаж эхэлсэн байна. Гэхдээ зөвхөн задгай талбайд үйлчлүүлэх журамтай аж. 

 

Саяхныг хүртэл Европдоо халдварын тоогоор тэргүүлж байсан Испанийн Мадрид, Барселона хот ч мөн улсдаа хамгийн хүнд нөхцөлтэйд тооцогдож байсан ч хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцалж эхэлжээ. 

 

Өнөөдрөөс эхлээд Грекд улс дотроо аялах, зорчих боломжтой болсон бөгөөд орлогын гол эх үүсвэр болсон аялал жуулчлалын салбарыг сэргээх нь эрх баригчдын гол зорилтуудын нэг болсон талаар euronews мэдээлсэн байна. 

 

Европын нөхцөл байдалтай харьцуулвал халдварын тархалт харьцангуй багад тооцогдож байгаа Турк улсад олныг хамарсан оношилгоо хийж, вирус илэрсэн хүмүүсийг нэн даруй тусгаарлаж байгаа нь зөв алхам гэж эмч нар мэдэгджээ. 

 

Мөн Франц улс өнөөдрөөс эхлэн тусгаарлалтыг сулруулах шинэ шатны замын зургийг танилцуулахаар зэхэж байна. Энэ төлөвлөгөөнд баар, зоогийн газрууд төдийгүй зочид буудал, кемпүүдийг нээх талаар тусгажээ.

 

Японы Засгийн газрын шийдвэрээр тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хөл хориог бүрэн цуцлахаар боллоо. Тус улсад Токио, Канагава, Сайтама, Тиба болон Хоккайдо онц байдлын горим үйлчилж байсан юм. Японы эрх баригчид хязгаарлалтын горимоос гарах замын зураг боловсруулсан бөгөөд эхний ээлжинд музей, дунд сургууль үйл ажиллагаагаа сэргээх бол зоогийн болон цэнгээний газрууд 22.00 цаг хүртэл ажилллах боломжтой аж. 

 

Цаашлаад хүүхдийн цэцэрлэг, театрыг нээхийн дээр 100-аас цөөн тооны хүнтэй арга хэмжээ зохион байгуулах боломжтой болох гэнэ. Хязгаарлалтын горимоос гарах сүүлийн шатанд зоогийн болон цэнгээний газруудыг 00.00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрч, кинотеатр, тоглоомын төвүүд болон автомат тоглоомын танхимуудыг нээх аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин