COVID-19: Грек арлуудаа нээж, Испани долоодугаар сараас гадаадын жуулчин хүлээн авна
2020-05-26

Грек арлуудаа нээсэн ч одоогоор жуулчдыг оруулахгүй, Испанийн эрх баригчид долоодугаар сарын нэгнээс гадаадын жуулчдыг хүлээж авна гэж мэдэгдсэн бол Германийн эдийн засаг хямралд оров. Цар тахлын үеэрх улс орнуудын эдийн засагтай холбоотой сүүлийн үеийн үйл явдлуудыг ВВС, Regnum, ТАСС агентлагуудаас авсан эх сурвалжтөйгаар хүргэж байна. 

 

Европын орнууд хөл хориогоо сулруулж эхлэв

 

Европын орнууд аажмаар хөл хорионы арга хэмжээнүүдээ сулруулсаар байна. Испанийн Засгийн газар долоодугаар сарын нэгнээс гадаадын жуулчдыг хүлээн авч эхэлнэ хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ үеэс эхлэн гадаад улс орнуудын иргэд Испанид ирснийхээ дараа өөрийгөө 14 хоног тусгаарлах шаардлагагүй болох гэнэ. 

 

"Таагүй явдал ард үлдсэн. Бид долоодугаар сард Испанид гадаадын жуулчдыг хүлээж авч эхлэхийн дээр хөл хориог цуцлан, эрүүл мэндийн аюулгүй байдлын хамгийн дээд зэргийн стандартуудыг хангана. Та бүхнийг тэсэн ядан хүлээж байна!" хэмээн Испанийн Гадаад хэргийн сайд Аранча Гонзалес Лайя Твиттер хуудсандаа бичжээ.

 

Испани улс жил бүр 80 сая гаруй жуулчин хүлээн авдаг бөгөөд аялал жуулчлал нь энэ улсын ДНБ-ий 12 хувийг эзэлдэг юм. 

 

Тавдугаар сарын 25-ны эхлэн тус улсын хоёр том хот болох Мадрид, Барселонад хөл хорионы арга хэмжээнүүдийг сулруулсан байна. Эдгээр хотуудад цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нээж, кафе, зоогийн газрууд гадаа талбай дахь үйлчилгээгээ эрхлэх боломжтой болжээ. Испанийн бусад бүс нутгуудад дээрх байгууллагууд нээгдээд хоёр долоо хоног өнгөрч байгаа юм. 

 

Германы эдийн засаг хямрав 


Германы томоохон агаарын тээврийн компани болох Lufthansa засгийн газраасаа яаралтай тусламж болгон есөн тэрбум евро авахаар болсон талаар ВВС мэдээлсэн байна. Энэ хөрөнгө агаарын тээврийн компанийн хувьцааны 20 хувийг худалдан авах, компанийг бусдад алдах эрсдлээс урьдчилан сэргийлэхэд зарцуулагдах аж. 

 

Цар тахлын үеэр нислэгүүд цуцлагдсаны улмаас Германы Lufthansa компани цаг тутамд сая орчим долларын алдагдалд орж байгаа юм. Гэхдээ цар тахлаас үүдэлтэй асуудлуудыг үл тооцвол энэхүү агаарын тээврийн компани үр ашигтай ажиллаж байгаа хэмээн Германы Засгийн газар мэдэгдэж байгаа. 

 

Түүнчлэн даваа гаригт Герман улс эдийн засгийнхаа албан ёсны статистикийг нийтэлсэн бөгөөд тус улсын эдийн засаг энэ оны эхний улиралд хямралд орсон гэж эрх баригчид мэдэгджээ. Германы ДНБнэгдүгээр улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2,2 хувиар буурсан байна. Энэ бууралт хоёрдугаар улиралд ч ажиглагдаж, дараа нь эдийн засаг сэргэж эхэлнэ гэж шинжээчид үзжээ. 

 

Герман улс дөрөвдүгээр сараас хөл хориогоо сулруулж эхэлсэн, мөн одоогоор халдвар болон нас баралтын тоо хэт өсөхөөс сэргийлж чадаж байгаа юм. Тус улсад тахал дэгдсэнээс хойш халдварын тохиолдол 178 мянга гаруй байгаагаас 160 мянга орчим нь эдгэрчээ. 

 

Британийн дэлгүүрүүд ирэх сард нээгдэнэ

 

Английн нутаг дэвсгэр дээр бүхий л дэлгүүрүүд зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн бүхий л төрлийн дэлгүүрүүд ажиллаж эхлэх бол зургаадугаар сарын нэгнээс зах, автомашины салонууд ажиллана гэж Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ.

 

Гэхдээ дэлгүүрүүдийн үйл ажиллагааг сэргээх нь "коронавирустэй хийх тэмцлийн амжилт"-аас шалтгаалахын дээр бизнес эрхлэгчид ажилтан болон худалдан авагчдын аюулгүй байдлыг хангах бүхий л дүрэм журмыг мөрдөх шаардлагатайг Жонсон онцолжээ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Британийн дэлгүүрүүд танхим доторх үйлчлүүлэгчийн тоог хязгаарлах, худалдааны танхимаар худалдан авагчид зорчихтой холбоотой шинэ журмууд үйлчилж эхлэх гэнэ. Түүнчлэн кассан дээр хамгаалалтын дэлгэц байрлуулж, үүд хэсэгт хүмүүст гар ариутгагч тарааж өгөх аж. 

 

Грек ч жуулчдыг хүлээнэ

 

Грект даваа гаригаас эхлэн арлуудыг нээсэн. Гуравдугаар сараас эхлэн хаалттай байсан рлууд болон эх  газрын хооронд жижиг хөлөг онгоцууд явж эхэлжээ.

 

Аялал жуулчлалаас ихээхэн орлого олдог Грек улс ирэх сарын 15-наас эхлэн гадаадаас жуулчин авахад бэлэн болсон талаар тус улсын Ерөнхий сайд Кириакос Мицотакис мэдэгдсэн байна.  Харин ихэнх орнуудтай харилцах агаарын харилцаагаа долоодугаар сар гэхэд бүрэн нээхээр болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
tiin shy
2020-05-26
Зочин:
Манайх хорьж хорьж байгаад адагт нь алдахвий дээ. Эртхэн тусаад эсрэг биеттэй болдог байж, ха ха
2020-05-26
tiin shy