Хонконг олон улсын нисэх буудлын дамжин нислэгийг сэргээнэ
2020-05-26

Хонконгийн олон улсын нисэх буудал зургаадугаар сарын нэгнээс эхлэн дамжин тээвэрлэлтийг хэсэгчлэн сэргээж, коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор авч хэрэгжүүлсэн хатуу арга хэмжээг аажмаар сулруулна гэж Хонконгийн тэргүүн Кэрри Лэм мэдэгдлээ. 

 

Хонконгийн олон улсын нисэх буудлаар дамжих нислэг гуравдугаар сард бүрэн зогсож байв. 

 

"Гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Хонконгийн олон улсын нисэх буудал транзит үйлчилгээнүүдээ зогсоож байв. Харин зургаадугаар сарын нэгнээс эхлэн бид олон улсын нисэх буудлын транзит үйлчилгээнд тавигдах хязгаарлалтуудыг сулруулна. Дамжин өнгөрөх нислэг учраас гадаадын иргэд Хонконг руу дотогш нэвтрэхгүй, тиймээс энэ нь Хонконгруу нэвтрэхийг хориглосон журамтай огт хамааралгүй" хэмээн Кэрри Лэм мэдэгдсэн байна.

 

Энэ хотод хязгаарлалтын арга хэмжээг бүрэн цуцлаагүй байгаа ч өнгөрсөн баасан гаригаас эхлэн шөнийн клуб, караоке, халуун усны газрууд ажиллаж эхэлсэн байна. Хонконгт тавдугаар сарын дунд үеэс эхлэн халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй, энэ бүс нутагт нийтдээ 1066 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин