ОХУ: COVID-19 вирусийн вакциныг ирэх сард хүн дээр туршина
5-26

Оросын "Вектор" вирус судлалын эрдэм шинжилгээний төв зургаадугаар сарын сүүлээр коронавирусийн вакцины клиник туршилтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар тус төвийн гүйцэтгэх захирал Ринат Максютов "Известия" сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

Зургаадугаар сарын сүүлч хүртэл амьтан дээр туршин үр дүнг харж, Эрүүл мэндийн яамнаас клиникийн судалгаа явуулах зөвшөөрөл авах гэнэ. Вакциныг олноор ашиглахын тулд лабораторийн туршилтуудыг давж, үйлдвэрлэн, эмийн хэлбэрт оруулах гээд олон шат дамжлага давах ёстой талаар Максютов онцолжээ. 

 

Эдгээрийн дараа клиникийн өмнөх болон клиникийн судалгаа бүрэн хэмжээгээр эхэлж, улмаар албан ёсоор бүртгүүлэх аж.

 

Энд дуулгахад, өмнө нь, Оросын өөр нэгэн судалгааны төв болох Н.Ф.Гамалеягийн нэрэмжит тахал судлал, бичил биологийн эрдэм шинжилгээний төвийн ажилтнууд вакцин боловсруулж байгаа бөгөөд өөрсөд дээрээ туршсан, тэдэнд эсрэг биет үүссэн талаар тус төвийн захирал мэдэгдэж байлаа.

 

Түүнчлэн Оросын Санкт-Петербург хотын эрдэмтэд ч вакцин, ийлдэс гарган авахаар ажиллаж байгаа аж. Улмаар вакциныг бүрэн бэлэн болгосны дараа оросуудыг вакцинд олноор нь хамруулах ажил намраас эхэлж, бүх нийтийн вакцинжуулалтад зургаагаас есөн сарын хугацаа шаардагдаж магадгүй хэмээн  Н.Ф.Гамалеягийн нэрэмжит тахал судлал, бичил биологийн эрдэм шинжилгээний төвийн захирал мэдэгдэж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин