Л.Мөнхтүшиг: БНХАУ-руу ойрын хугацаанд нэвтрэх боломжгүй
2020-05-26

 

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УОК-ын орлогч дарга н.Мандахгэрэл, Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат  нар оролцлоо. УОК-ын орлогч дарга н.Мандахгэрэл:

 

-Өнөөдрийн байдлаар гадаад орноос эх орондоо ирсэн  нийтдээ 1248 иргэн тусгаарлагдаж байна.  Үүнээс 790 хүн нийслэлд тусгаарлагдаж байгаа бол үлдсэн  458 хүн орон нутагт тусгаарлагдаж байна. Дархан-Уул аймагт 135 иргэн, Орхон аймагт 117,  Өмнөговь аймагт 71 болон Сэлэнгэ, Төв аймаг гэсэн газруудад тусгаарлагдаж байгаа.

 

Өнөөдөр 6:30 минутад Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 170  иргэн ирлээ. Зорчигчдын 93 хувь нь оюутан байгаа. Үүнээс  89 хувь нь эмэгтэй, 11 хувь нь эрэгтэй оюутнууд байна.

 


 

Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

 

-Засгийн газар, УОК-ын шийдвэрээр гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагаа зохион байгуулж байгаа.  ОХУ-аас өнөөдөр өглөө 170 иргэн  ирсэн.  Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор ОХУ-аас 594 оюутныг татан авна. Эдгээр оюутнуудыг Алтанбулаг боомтоор нэвтрүүлсний дараа төмөр замаар Улаанбаатар хотын тусгаарлах байрнуудад тусгаарлана. Монгодл улсын хилээр нэвтэрсэн зорчигчийн тоо 62 мянга давсан. Татан авах ажиллагаанд оролцож байгаа нийт  900 гаруй албан хаагчид  байна.  

 

Нэгдүгээр сарын 28-аас хойш хүн амын тоотой уялдуулаад татаж авсан иргэдийн тоог ОХУ-аас өнөөдөр, маргааш татан авах иргэдийн  тоог нийлүүлж тооцвол ХБНГУ-ын дараа манай улс  9088 иргэнээ татан авчээ.

 

Төлөвлөгдөж буй нислэгүүд:

 

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг байна. Хүсэлт гаргасан 1820 иргэн байна.

 

Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг, хүсэлт гаргасан 1276 иргэн

 

Зүүн өмнөд Ази чиглэлд  хүсэлт гаргасан 417 иргэн байгаа. Дараагийн нислэг ОХУ-аас татан авч байгаа иргэд, ХӨСҮТ-ийн нөөц бололцоо, тусгаарлах байрны нөөцөөс шалтгаалж үйлдэнэ.

 

Иргэд гадагшаа зорчих талаар хандаж байна. Ялангуяа БНХАУ-д зорчих хүсэлт тавьж байна. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Улаанбаатар дахь элчин сайдын яамтай нь холбогдсон. Коронавирус халдварын нөхцөл байдал дотооддоо намжсан ч гэсэн гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа тохиолдол улсуудад байгаа. Тиймээс БНХАУ энэ оны гуравдугаар сарын 28-аас эхлэн гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр нь хүчинтэй хэвээр мөрдөгдөж байгаа  гэсэн хариу өгсөн. Тиймээс иргэдийг ойрын хугацаанд БНХАУ-руу нэвтрүүлэх боломж байхгүй. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэхэд зөвхөн БНСУ-д удаан хугацаагаар оршин суух эрхтэй иргэдийг хилээрээ нэвтрүүлж байгаа. Зургаадугаар сарын 01-ээс эхлээд Солонгос улсад оршин суух эрхтэй, урт  хугацааны визтэй иргэд зөвхөн Монгол гэлтгүй гадаад иргэдэд тавигдаж байгаа нийтлэг шаардлага байгаа.

 

Хилээр гарахаасаа өмнө эргэж БНСУ-ын нутаг дэвсгэрт орж ирнэ гэсэн зөвшөөрлийг Гадаадын иргэн харьяатын газраас нь авах ёстой гэсэн шаардлага тавьж байна. Зөвшөөрөлгүй гараад буцаж орох боломжгүй болсон. Хэрэв буцаж хилээр нэвтрэхээр болбол 48 цагийн дотор халуурсан шинж тэмдэг байхгүй гэсэн эмчийн дүгнэлт үзүүлж нэвтрэх эрх нээгдэнэ. Манай улс иргэдээ татан авах ажиллагаа цаашид тасралтгүй  үргэлжилнэ.

 

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат:

 

-Зургаадугаар сарын 01-ны өдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж сунгасан учраас нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулж болохгүй. “Хүүхэд-гэр бүлдээ ээлтэй” гэсэн уриан дор ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж өнгөрөөнө. Эцэг эхчүүд хүүхдэдээ бэлэг авахдаа анхаарах хэрэгтэй гэлээ.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин