АНУ БНХАУ-ын эсрэг шинэ хориг тавина
2020-05-27

Хонконгийн асуудалтай холбоотойгоор АНУ Хятадын эсрэг ээлжит арга хэмжээгээ энэ долоо хоног дуусахаас өмнө авч хэрэгжүүлж магадгүй талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. 

 

Хэвлэлийн хурлын үеэр Хятадын эсрэг хориг арга хэмжээ тавих эсэх талаар сэтгүүлч асуухад "Энэ долоо хоног дуусахаас өмнө та нар ямар нэг мэдээ сонсоно, илүү хүчтэй байна гэж би таамаглаж байна" хэмээн Трамп хариулжээ. Гэхдээ энэ нь чухамхүү хориг арга хэмжээний талаар хэлсэн эсэхийг тэрбээр тодруулаагүй гэж Интерфакс дамжуулсан байна. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын парламентын чуулганаар Хонконгийн нутаг дэвсгэр дээрх үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг боловсруулах тогтоол баталсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Хятадын эрх баригчид Хонконгийн нутаг дэвсгэр дээр аюулгүй байдлын онцгой байгууллагуудыг байгуулах боломжийг судалж байгаа аж.

 

Харин энэ үйлдлийг Хонконгийн оршин суугчид эсэргүүцэн, жагсаал цуглаан зохион байгуулсан бөгөөд ням гаригт хууль бус жагсаал, цуглаанд оролцсон 180 гаруй хүн баривчлагджээ.

 

Дээрх хуулийн төслийг барууны орнууд ч эсэргүүцэж байгаа юм. Хонконгийн нутаг дэвсгэр дээрх аюулгүй байдлын тухай хууль нь Хонконгийн эрх, эрх чөлөөг баталгаажуулж, автономи эрхийг өндөр түвшинд байлгах "нэг улс-хоёр систем" зарчмыг зөрчиж байгаа хэрэг хэмээн барууны орнууд үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Буруу, Хятадын дотоод асуудал. Хонгконг хятадын салшгүй бүрэлдэхүүн хэсэг. Тайван мөн адил. Хятадууд. Харин казакууд бол Монголчууд биш.
2020-05-27
Зөв
2020-05-27