COVID-19: Их Британи БНАСАУ дахь ЭСЯ-аа түр хаав
2020-05-27

Хойд Солонгост коронавирусийн улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Их Британи БНАСАУ дахь элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг лхагва гаригт зогсоон, Британийн бүхий л дипломатууд болон тэдний гэр бүлийн гишүүд Пхеньяныг орхин явсан талаар ТАСС агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын 27-ны өглөө ЭСЯ-ны байрны өмнө байх Британийн төрийн далбааг буулгасан бөгөөд ингэснээр дипломат газрын үйл ажиллагаа зогссоныг гэрчилж байгаа гэнэ. Түүнчлэн Британийн дипломат дугаартай автомашинууд ЭСЯ-ны нутаг дэвсгэрийг орхин гарчээ.

 

Британийн ЭСЯ-ны үйл ажиллагаа хэзээ сэргэх нь одоогоор тодорхойгүй. Дипломатууд болон тэдний гэр бүлийнхнийг өнөөдөр автомашинаар Хятадын Даньдун хотод хүргэн, тэндээ хоёр долоо хоногийн туршид эмч нарын хяналтанд байгаад дараа нь тэд Лондон руу нисэх аж.

 

Энд дуулгахад, өмнө нь Герман, Франц, Швейцарын дипломат төлөөлөгчдийн газрууд цар тахлаас сэргийлэхтэй холбоотой хөл хорио тогтоосны улмаас Пхеньян дахь үйл ажиллагаагаа түр зогсоож байлаа. Улмаар бүхий л дипломатуудыг гуравдугаар сарын есний өдөр Владивосток руу хийсэн тусгай үүргийн нислэгээр Пхеньянаас тээвэрлэж байв. Энэ тусгай үүргийн нислэгээр нийтдээ гадаадын 80 иргэн Хойд Солонгосыг орин явсан юм.

 

БНАСАУ-ын эрх баригчид хоёрдугаар сарын эхнээс коронавирусийн тархалтын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон олон улсын нислэг, Хятад, Орос руу  зорчигч тээврийн галт  тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон юм. Түүнчлэн гадаадын иргэдийг БНАСАУ-руу нэвтрэх болон тус улсаас гарахыг бүрэн хориглосны дээр гуравдугаар сарын нэгнээс эхлэн хөл хориог тодорхойгүй хугацаагаар сунгаж байгаагаа зарлаж байв. 

 

Үүний дараа гадаад улс орнуудын элчин сайдын яам, олон улсын байгууллагууд үйл ажиллагаагаа бүхэлд нь болон хэсэгчлэн зогсоож, ажилтнуудынхаа тоог цөөлөхөөс аргагүй болсон. Энэ нь хөл хорионы нөхцөлд Хойд Солонгост хүмүүнлэгийн тусламж хэрэгжүүлэх, гадаадаас санхүүжилт авах боломжгүй болсонтой холбоотой юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
манайх хойт солонгос дахь ЭСЯ ыг бүрэн хаах хэрэгтэй
2020-05-28