COVID-19: Испани гашуудал зарлаж, Португали уушгины аппарат нөөцөлж байна
2020-05-27

Испанид коронавирусийн халдварын улмаас нас барагсдын тоо 27 мянгыг давж, тус улсад гашуудал зарлав. Харин хөрш Португали улсад уушгины хиймэл амьсгалын аппарат нөөцөлж эхэлжээ. Цар тахалтай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг Вести, ВВС агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар товчлон хүргэж байна. 

 

Испанид цар тахлын үеэр амиа алдсан хүний тоо 27мянгыг хэдийнэ давж, тус улсад гашуудал эхэлсний зэрэгцээ нийслэлийн шүүх нь Мадридын засгийн газрыг шаардлагатай арга хэмжээ аваагүй гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна. Тодруулбал, гуравдугаар сарын наймны өдөр  Мадридын төвд олон мянган хүнийг цуглуулсан эмэгтэйчүүдийн жагсаалыг зөвшөөрсөн нь тахал дэгдэхэд нөлөөлсөн гэж шүүх үзэж байгаа аж. Энэ жагсаал болох үеэр Испанид хэдийнэ вирус дэгдчихсэн байсан гэж эрдэмтэд, эмч нар үзэж байгаа юм. Жагсаал болсноос ердөө долоохон хоногийн дараа вирусийн халдвар авсан өвчтөний тоо эрс нэмэгдэж, эрүүл мэндийн салбарт ирсэн хэт ачааллын улмаас тус улс онц байдлын горим тогтоож байлаа. 

 

Мадридын засгийн газрыг буруутган иргэдийн бүлгэм шүүхэд хандсан бөгөөд тэд тусгай илтгэл шүүхэд өгснөөр ийнхүү мөрдөн шалгах ажил эхэлжээ. 

 

Ийнхүү эрх баригчдыг буруутгаж байх зуур сайд нарын зөвлөгөөн болдог өдөр Конгрессын байрны өмнө рестораны бизнес эрхлэгчид, тэр дундаа алдарт Мишлений одонтой нэр хүнд бүхий газруудын эзэмшигчид жагсаал зохион байгуулжээ. Эдгээр газруудын ихэнх нь коронавирусийн аюулгүй байдлын шинэ шаардлагын улмаас үйл ажиллагаагаа сэргээж чадаагүй байна. Түүнчлэн Испанийн эмч нар ч эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бөгөөд тэд ихэнх эмнэлэг хувьчлагдсан, улмаар нөхцөл байдал хүндэрсэн үед хувийн эмнэлгүүд тусламжийн гар сунгахаас татгалзаж байсан нь байдлыг хурцатгасан хэмээн үзэж байгаа аж.

 

Испанийн автономит Каталонийн нийслэл Барселона ирэх сарын нэгэн хүртэл гадаад ертөнцөөс тасарсан хэвээр байх гэнэ.  Нэн шаардлагатай тохиолдолд л Барселонагаас гарах боломжтой аж. Энэ хязгаарлалт хэзээ дуусах талаар тодорхой төлөвлөгөө байхгүй аж.

 

Өвчлөлийн тоогоор дэлхийд дээгүүрт орж, 27 мянга гаруй хүнээ өвчний улмаас алдсан Испани орон даяар Үндэсний хэмжээний гашуудал зарлалаа. Гашуудал 10 өдөр үргэлжлэх бөгөөд энэ нь Испанийн орчин үеийн түүхэн дэх хамгийн урт хугацаагаар гашуудал зарласан үйл явдалд тооцогдож байна. 

 

Испанийн хөрш Португалид ийм дайны хямрал байхгүй. Гэхдээ энэ улс уушгины хиймэл амьсгалын аппарат ихээр нөөцөлж байгаа талаар Вести мэдээлжээ. 

 

"Бидэнд 60 ширхэг уушгины хиймэл амьсгалын аппарат ирсэн, энэ нь эрчим эмчилгээний тасагт нэн шаардлагатай. Түүнчлэн иргэддээ сануулж хэлэхэд, эрх чөлөө бол тайвшрах шалтгаан биш. Хариуцлагаа умартаж болохгүй. Бид өөрсдийгөө болон бусдыг хамгаалах үүрэгтэй" хэмээн Португалийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Антонио Ласерда Салес мэдэгджээ.

 

Францын олон рестораны үйл ажиллагаа зогсонги байдалд орсныг ВВС дамжууллаа. Өмнө нь чинээлэг жуулчдад үнэтэй далайн бүтээгдэхүүн зардаг байсан зоогийн газрууд өдгөө аялал жуулчлалыг даган зогсонги байдалд орсон бол нутгийн загасчид ч орлогогүй болсон гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин