COVID-19: ОХУ дахь цар тахлын нөхцөл байдал болон эдийн засгаа аврах Засгийн газрын төлөвлөгөө
2020-05-28

Хойд хөрш ОХУ-д коронавирусийн цар тахлын нөхцөл байдал тогтворжих тийшээ хандаж байна. Бүс нутгууд аажмаар хөл хориогоо аажмаар сулруулж эхэлсэн. Гэхдээ өвчлөл ихтэй Москва хотод хязгаарлалтын арга хэмжээг ирэх сарын 14 хүртэл цуцлахгүй байх шийдвэрийг хотын дарга Сергей Собянин гаргажээ. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, тавдугаар сарын 27-ны өдөр Москва хотын дарга Сергей Собянин шийдвэр гарган,  зургаадугаар сарын 14-ний өдрийг хүртэл хотод үнэмлэхээр зорчих журмыг сунгасан байна. Мөн өдөр хүртэл өөрийгөө тусгаарлах болон бусад төрлийн хязгаарлалтын арга хэмжээ үйлчлэх аж. 

 

Үүний зэрэгцээ хязгаарлалтыг зарим талаар сулруулна гэж Собянин мэдэгдсэн байна. Тухайлбал, зургаадугаар сарын нэгнээс эхлэн хүнсний бус худалдаа, ахуйн үйлчилгээг сэргээх, хүмүүсийг зугаалахыг зөвшөөрөх, гэхдээ гагцхүү тодорхой хуваариар зугаалахыг санал болгожээ. 

 

Шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг тоон мэдээлэлд оруулахгүй байхаар шийджээ 

 

COVID-19 вирусийн шинжилгээ нь эерэг гарсан ч шинж тэмдэг илрээгүй тохиолдлуудыг өвчлөлийн статистикт оруулахгүй байх зөвлөмжийг Оросын Эрүүл мэндийн яам өгчээ.

 

Энэ зөвлөмжид "шинж тэмдэг ихээр илрээгүйг вирус тээгч гэж үзэн, өвчлөл болон нас баралтын статистикт оруулахгүй байх" хэмээн онцолжээ. Зөвлөмжийг нас баралтын шалтгаан болгож Covid-19 -ийг тогтоох, кодлох олон улсын аргазүйн зөвлөмжийг харгалзан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан олон улсын өвчний ангиллаар тогтоосон шинэ зарчмаар боловсруулсан гэж Оросын ЭМЯ мэдээлсэн байна. 

 

 

 

Тавдугаар сарын 27-ны байдлаарОрост шинээр 8338 халдварын тохиолдол илэрсэн /өмнөх өдрөөс 557-оор бага/ бөгөөд үүний 2140 нь Москвад бүртгэгджээ. Ингэснээр нийтдээ цар тахал эхэлснээс хойш Орост вирусийн халдвар авсан хүний тоо 370 680  болж байгаа юм. Хоногт 161 хүн коронавирусийн халдварын улмаас нас барсан нь өмнөх өдрөөс долоогоор бага байжээ. Ингээд тус улсад нас баралтын тоо 3968 болсон байна.

 

Найман тэрбумаар эдийн засгаа босгоно

 

Ведомости агентлагийн мэдээлснээр ОХУ-ын Засгийн газар найман тэрбум рублийн төсөвтэйгээр эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний төсөл гаргажээ. Эх сурвалжийн мэдээлснээр эдийн засгийг дэмжихэд төсвөөс зургаан тэрбум рубль гарган, зардал болон олоогүй орлогыг нөхөн төлөхөд зарцуулах бол хоёр их наяд рублийг дэд бүтцийн хөрөнгө оруулалт байдлаар гаргах аж. 

 

Энэ төлөвлөгөөнд жижиг, дунд бизнесийг дэмжих, хүн амд санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ тусгагдаагүй бөгөөд  эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн эцсийн хувилбарыг зургаадугаар сарын нэгэнд Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд танилцуулах гэнэ.

 

Ажилгүйдэл 5,8 хувь 

 

Цар тахлын үеэр Оросын ажилгүйдлийн түвшин 5,8 хувьд хүрсэн нь сүүлийн дөрвөн жилд тохиосон хамгийн өндөр үзүүлэлт гэж РБК агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сард ажилгүйчүүдийн тоо 4,3 саяд хүрсэн  бөгөөд сарын дотор 800 мянган хүн ажилгүй болсон байна. Оросын Хөдөлмөрийн сайд Антон Котяковын мэдэгдсэнээр дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн Орос даяар хоёр сая гаруй хүн ажлаасаа халагдсан гэнэ.

 

Сайдын өгүүлснээр хүнсний бус барааны жижиглэн худалдаа, нийтийн хоолны салбар болон зочид буудлын бизнес гэсэн салбаруудын ажилтнууд илүүтэй ажлаас халагджээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин