ОХУ: Номхон далайн флот Ялалтын парадад бэлдэж байна
2020-05-28

ОХУ-ын Приморийн хязгаарын эрх баригчид коронавирусийн тархалтад эерэг өөрчлөлт гарсантай холбоотойгоор тусгаарлалтын горимыг сулруулж байгаагаа мэдэгджээ. 

 

Энэ хүрээнд, Владивосток хотод гол бааз нь байдаг Номхон далайн флот Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парадад бэлтгэх ажлаа сэргээсэн талаар Вести мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, ирэх даваа гаригт Оросын тэнгисийн цэргийн флотын Сургалтын нэгдсэн төвийн салбарын бааз дээр тулгуурлан Владивостокийн гарнизоны парадын хамтарсан бэлтгэл болох аж. Владивосток хотноо Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан парад болохын дээр Приморьед энэ парад зэвсэгт хүчний анги нэгтгэл, Онцгой байдлын яамны алба хаагчид болон цэргийн сургуулиудын сонсогчдын бүрэлдэхүүнтэй болдог юм. Түүнчлэн Номхон далайн флотын зэвсэглэлд байх цэргийн техникүүд ч оролцдог. Энэ жил парадад Сталинградын тулаанд оролцож байсан домогт Т-34 танк оролцох гэнэ.

 

Эргэн сануулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парадад бэлтгэж эхлэхийг тавдугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд үүрэг болгосон юм. Цар тахлын улмаас хойшлогдсон парад зургаадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдахаар болжээ. 

 

Тавдугаар сарын есний өдөр болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон парадыг өөр нэг түүхэн өдөр ийнхүү зохион байгуулахаар болсон байна. 1945 оны зургаадугаар сарын 24-нд Аугаа их Эх Орны дайнд ЗХУ Германыг ялсныг тохиолдуулан Москва хотын Улаан талбайд Ялалтын парад болж байлаа. Парадыг маршал Георгий Жуков хүлээн авсан бол маршал Константин Рокоссовский командалсан юм. Парадад зориулан Рейхстаг дээр мандуулсан Ялалтын тугийг тусгайлан авчирж байв. Энэ парадад нийтдээ 35 мянга орчим хүн оролцож байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин