Трамп: Хятад, Энэтхэгийн сөргөлдөөнд зууч болоход бэлэн
2020-05-29

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэг, Хятадын хоорондын сөргөлдөөнд зууч болоход бэлэн байгаагаа мэдэгдлээ. 

 

"Хятад, Энэтхэгийн хооронд томоохон сөргөлдөөн өрнөж байна. Тус бүр нь нэг тэрбум гаруй хүн амтай хоёр улс маш хүчирхэг армитай. Энэтхэг, Хятад аль аль нь сэтгэл дундуур байгаа бололтой. Би Энэтхэгийн Ерөнхий сайдтай ярилцсан, тэр Хятадтай харилцах харилцаанд өрнөж буй үйл явдлуудад тааламжгүй хандаж байгаа" хэмээн Трамп мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр Нарендра Модиг "гайхалтай жентельмен" хэмээн нэрлэсэн байна.

 

Энд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт Хятадтай хиллэх хилийг орлодог Ладакх дахь хяналтын шугам дээр Энэтхэгийн явган цэргийн батальонуудыг байршуулсан талаар Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлж байв. Энэ нь Хятад болон Энэтхэгийн хилчдийн хооронд сөргөлдөөн гарсны дараа болсон гэх бөгөөд үүний дараа Энэтхэгийн цэргийн алба хаагчдыг баривчилж, дараа нь сулласан гэсэн мэдээлэл гарч байлаа. Эх сурвалжуудын мэдээлснээр хоёр орны цэргийн алба хаагчид зодоон үүсгэсний дараа болсон гэнэ.

 

Энэ үйл явдал болохоос хэд хоногийн өмнө, тавдугаар сарын 5-6 орчимд Пангонг Цо нуурын бүсэд мөргөлдөөн гарсны дараа Энэтхэг, Хятад улс хоёр орны хилийг орлодог хяналтын шугам болох Ладакхад цэргүүдээ татан байршуулж эхэлсэн байна. Тухайн үед Хятадын цэргийнхэн Галван голын орчимд хэд хэдэн майхан зоож, барилгын ажил эхлүүлэн, бункер, хөөрөх газардах зурвас байгуулж эхэлсэн гэж Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Ийнхүү хилийн шугам дээр нөхцөл байдал хурцдах болсны шалтгааныг талууд албан ёсоор тайлбарлаагүй. Харин хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Энэтхэгийн арми шаардлагатай газруудад цэргийн хүчээ богино хугацаанд байршуулах боломжийг олгох, Депсанг, Галван хөндий рүү хүрэх 255 км урттай зам барьж эхэлсэн нь Хятадын дургүйцлийг хүргэсэн байж болзошгүй гэнэ.

 

Түүнчлэн, коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Хятадын иргэдийг Энэтхэгээс нүүлгэн шилжүүлнэ гэж Энэтхэг дэх БНХАУ-ын ЭСЯ мэдэгдэж байлаа. Энэ алхам нь Ладакх дахь нөхцөл байдал хурцдах нэг шалтгаан болсон гэж Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлжээ.

 

Эх сурвалжуудын мэдээлснээр, одоо Энэтхэг, Хятадын хил дээрх хоёр орны цэргийн алба хаагчдын тоо тус бүр 6000 болсон гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин