Хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон нөхцөл байдал 45 орчим хувиар бууралттай байна
2020-05-29

 

Хүүхдийг голын усанд осолдохоос сэргийлэх талаар холбогдох мэдээллийг хийлээ.

 

Хэвлэлийн хуралд НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга  Э.Эрдэнэбаатар, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаа хурандаа Б.Батзориг, НГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга  П.Мягмаржав нар оролцов.

 

НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга  Э.Эрдэнэбаатар:

 

-Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар  Туул, Тэрэлж гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласан. Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтарч хөдөлгөөнт хяналт шалгалтыг зохион байгуулж явуулсан. Энэ хугацаанд давхардсан тоогоор 2145 албан хаагч, 760 нэгж техник хэрэгсэлтэйгээр гол дагуу амарч байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн. Үүнд 44 мянга  гаруй иргэнд аюулгүй байдлыг хангах чиглэлээр урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч ажиллаа.

 

6-9 сарын хугацаанд голын уснаас 85 иргэний амь насыг авран хамгаалсан.  2018 онд 32, 2019 онд 23 хүн усанд осолдсон. Үүнээс  дөрвөн нь хүүхэд, 19 насанд хүрсэн хүн усанд осолдсон байна. Бид энэ жил зургаадугаар сарын 10-аас эхэлж Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул, Тэрэлж голын дагуу завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулахаар  төлөвлөж ажиллаж байна.

 

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаа хурандаа Б.Батзориг:

 

-2017 онд 2000 орчим хүүхэд гэмт хэрэг, ахуйн ослын улмаас олон төрлийн байдлын улмаас хохирч байсан. 2018 онд 1126 хүүхэд, 2019 онд 996 хүүхэд он гараад 225 хүүхэд гэх зэрэг сүүлийн гурван жилийн байдлаар хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох нөхцөл байдал бууралттай  үзүүлэлт гарч байгаа. Энэ нь нэг талаараа эцэг эхчүүдийн анхаарал болгоомж нэмэгдэж, хараа хяналт сайжирч байгаа илрэл боловч, Хүүхэд аюултай нөхцөл байдалд байна уу гэдэгт хариулт өгөхөд хэцүү байна. Хоёр хоногийн өмнө гэхэд л дөрвөн хүүхэд эндлээ. Хэдэн жилийн өмнө гэртээ 10-ын хувинд хийсэн байсан усанд бага насны хүүхэд унаж эндсэн тохиолдол илэрч байсан. Сүүлийн гурван сарын хугацаанд төрийн байгууллагаас хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас цэцэрлэг сургууль ажиллахгүй байна. Эцэг эхчүүдийн бүрэн хараа хяналтад хүүхдүүд байгаа. Үүнтэй холбоотой сүүлийн  гурван сарын байдлаар хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон нөхцөл байдал 45 орчим хувиар бууралттай байна.

 

Монголчууд усны хор гараагүй байхад усанд орж болохгүй гэж эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн хэлж захих шаардлагатай байна. Жил бүр НОБГ, ГБХЗХГ-тай хамтраад зургаадугаар сард усны хяналт шалгалтыг зохион байгуулдаг. Энэ жил уламжлал болгоод зургаадугаар сарын 10-аас гол усны завьт эргүүлийг ажиллуулах болно.

 

Мөн нийслэлийн цагдаагийн удирдах газраас хүүхдийн үзэж, сонирхдог сэдвийнх нь хүрээнд сэргийлэгч хүү, зөвлөгч  охины дүрээр 2D анимейшн 86 төрлийн аюулгүй байдлаас өөрийгөө болон бусдыг хамгаалах  зөвлөмжийг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж байгаа.  Мөн хүүхдийн аюулгүй байдлын дүрэм гаргасан. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 200 шахам  сургуульд хүүхдийн аюулгүйн дүрмийг хүргүүлсэн.  

 

НГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга   П.Мягмаржав:

 

-Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт ажлыг хийж байгаа. Хүүхдийн урьдчилан сэргийлэх ажил дээр илүү хамтын ажиллагаа нэгтгэж ажиллах нь чухал юм. Сүүлийн гурван жилээс хүүхэд хамгаалал нэгдсэн арга хэмжээг улирал тутам зохион байгуулж хэвшсэн. Он гараад нэгдүгээр улирлын Хүүхэд хамгаалал нэгдсэн арга хэмжээг НОБГ, НЦГ-тай хамтраад эцэг эхийн хараа хяналт сул гудамжны нөхцөд байдал байгаа хүүхдүүдийн илрүүлэлт нэгдсэн арга хэмжээ дээр ажиллаад 100 гаруй хүүхдийг илрүүлж, харьяа дүүргийн гэр бүлийн хэлтсийн хяналтад өгөөд ажиллаж байна. мөн хоёрдугаар улирлын нэгдсэн арга хэмжээн дээр хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн илрүүлэлт арга хэмжээ зохион байгуулсан. 86 хүүхдийн мэдээлэл цугларч үүн дээр хяналт тавиад ажиллаж байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Баялалаа:
миний сүнсний язгуур мөнхнаран ээжээ угаасаа төрөлхөөсөө байгалиасаа заяагдмал сүнсийг минь гэгээн сэтгэлийг минь ариун биеийг минь эрүүл чийрэг хүсэл нэгбүрийг минь нэгбүрчлэн биелүүлж мөнхийн аз жаргалд умбуулж өгсөнд тань маш их байрлалаа
2020-05-31