Д.Нямхүү: Нийт 47 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа
2020-05-31

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.31/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

ЭМЯ-наас дотоодын аялагчдад зориулж зөвлөмж гаргасан байна. Улс орноор аялахдаа тухайн бүс нутагт коронавирусийн халдвар ямар байгаа талаар судлах хэрэгтэйг зөвлөжээ. 

 

 

   ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторит нийт 47 хүнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарлаа. Өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч дараагийн  шатны хяналт руу буюу сувилалд шилжиж байна. Тухайн эдгэсэн хүн бол 48 хоног эмчлүүлсэн оюутан байгаа юм.  Монгол Улсад коронавируст халдварын  батлагдсан 179 тохиолдлоос 44 хүн эдгээд байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд 119 хүн эмчлүүлж байгаагийн 10 нь биеийн байдал хүндэвтэр гэсэн оноштой байна гэлээ.

 

Цар тахал хэмээн нэрлэгдээд буй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж буй.  Энэ хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв халдварын эрсдэлтэй үед хэрхэн ажиллахаар төлөвлөснийг танилцууллаа.

 

ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах:

 

-Гэмтэл согог судлалын үндэсний төв өнөөдрийн байдлаар халдварын эрсдэлтэй үед ажиллах өндөржүүлсэн байдлыг  хоёрдугаар сараас хойш бүрэн хангасан. Бид таван мэргэжлийн ангитай, 137 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Хэрэв халдварын тохиолдол илэрсэн үед 50 ортой тусгаарлах тасгийг гаргахаар бүрэн тохижуулсан. Түүнчлэн  эрсдэлтэй үед ажиллах нэг сарын нөөц төлөвлөгөөг боловсруулж эм эмнэлгийн хэрэгсэл, хүнс нөөцлөөд байна. Одоогоор хүлээн авах тасагт иргэд, үйлчлүүлэгчдийн халууныг хэмжиж эмч, мэргэжилтнүүд 24 цагаар ээлжлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж  байгаа юм. Хил хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед манай төвийн эмч мэргэжилтнүүд 21 аймаг дахь эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдтэй цахимаар холбогдож ослын үеийн тусламж, мэргэжлийн зөвлөгөөг өгч ажиллаж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төв нь нийт 18 мянга гаруй мкб талбайтай. Үүнийг өдөр бүр тогтмол ариутгаж халдваргүйжүүлж байгаа.  Улсын онцгой комиссын шийдвэрээр Цэргийн төв эмнэлгийг тусгаарлах байр болгосонтой холбогдуулан тус эмнэлэгт хүлээн авдаг байсан халуун, хүйтэн зэвсгийн гэмтлийг ГССҮТ рүү шилжүүлсэн тул бид бүхэн энэ төрлийн гэмтлийн хүлээн авч, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа гэлээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр аялал зугаалгын улирал эхэлсэн энэ үед осол, гэмтлийн дуудлага, иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж эхэлжээ. Тиймээс иргэдийг сонор сэрэмж алдаж, анхаарлаа сулруулахгүй байхыг анхаарууллаа.

Shuud.mn
Сонин хачин