"Хүүхэд бүр гэр бүлдээ жаргалтай"
2020-06-01

 

-Хонгороо Хонгороо чи нэг дуулчихаач, салхины өөдөөс дуулахаар гоё байдаг штээ.

-Амраа чи ямар сонин юм бэ? босож зогсож болохгүй сайн бариад суугаад яваарай гэсэн биз дээ.

-Тэгээд яадаг юм. Угаасаа Баяраа эгч кабиндаа суучихсан. Харахгүй байгаа юм чинь...

-Чамайг бууж байгаад хэлнэ дээ

-Муу ховч тэгж л байхгүй юу... Ийн яриа өрнөж УАЗ-ны гүзүүн дээр бидний зургаан найз хөдөөг зорьж явлаа. 

 

Бага ангийн амралт тавдугаар сарын эхээр эртхэн тарчихдаг болохоор нагацындаа очихоор явж байгаа нь энэ.

 

Манайх уг нь сумын төвийн айл лдаа. Аав захиргаанд, ээж эмнэлэгт ажилладаг. Олон жил хүсэж хүсэж төрүүлсэн  ганц хүүхэд нь би.

 

Юу дуртайгаа идэж, юу дуртайгаа өмсөж, авахыг хүссэн бүхнээ авдаг амин хайртай үр нь.

 

Манайх  нутаг усандаа нэртэй, олонтойгоо айл байлаа. Хүний хөл тасарна гэж үгүй. Ажлын  өдөр,  амралтын өдөр ялгаагүй. Аав ажлаа тараад ирэх бүрт нь ёс юм шиг хүмүүс дагаж ирээд л яриад суучихна. Ээж хоол унд, тогоо шанага эргэлдүүлж,  яндангийн утааны хажуугаар гэрийн тооноор дүнсэн тамхины утаа  бас хөвөрнө.

 

Ээж хааяа хааяахан тамхиа баг татаач, утаа маань татаад байхад чинь, угсруулаад л байцгаах юм гэж дуугарна. Би аавынхаа өвөр дээр суучихаад, ямаан хар сахалнаас татаж, нүд хариулж байгаад тамхинаас нь нэг сорж  зүггүйтэж суудаг байсансан.

 

Нэг удаа хөдөөнөөс аавын найз ирлээ. Ээж хоол унд болж, хол ойрын сонин сайхан ярьж суутал.

 

-Хөгшин нь шимийн юмтай ирсээн гээд л нэг юм гаргаад ирлээ. Аав ууж шалихгүй ч хааяа   хааяахан ганц нэг юм хөнтрөхдөө дуртай байсансан.

 

-Алив хөгшөөн аяга аваад өгөөч гэх зуур,

 

-Өө, яах уу яах уу гээд ууж байсан цайны аягаа дээлнийхээ хормойгоор нэг шудраад аягалж орхилоо.

 

-Хүүе чи чинь аяга аваад өгөхийн хооронд юундаа яардаг юм бэ? гэж ээж үг хаяна. Харин би аавынхаа өвөр дээр нөгөө л ёсоороо сууж байтал тамхины цог духан дээр буугаад ирлээ.Уйлж гарлаа. Ээж галын амнаас босон харайж,

 

-Хүн хэлээд байхад чинь, хүүхэд түлээд хаячихлаа, нэг юм харахаараа ухаан мэдрэлээ алдчихдаг юм гээд л ээжийн дуу тэнгэрт хадлаа. Аав сандарч,

 

-Яадаг билээ, баларсан юм аа, барааны савангаар үрэх үү? гээд хатавч руу гүйж, барааны бор саван авч ирээд л түй гэж нулимж байгаад л түрхлээ шүү. Хорсож байна гэж жигтэйхэн. Гэтэл аавын найз ах гуай одоо л нэг дуугарч,

 

-Манай гурав тоглож байгаад энэ байтугай л хөл гараа шалбалдаг зүгээр зүгээр гэсээр суулаа.

 

Тавдугаар анги төгсдөг жил. Нагацын хүүхэд ангийн үүдэн дээр дуудаж байна.

 

-Чи манайд очих уу? Манай ангийн дөрвөн хүүхэд очих гэж байгаа штээ.

-Танай ангийнханд би дургүй ээ, явахгүй.

-За за уг бидэнтэй очиж хурга, ишгэнд явж тоглоод л гоё байна даа  гэчихээд эргээд гүйлээ. Танай ангийнханд дургүй гэдэг нь манай нөгөө анги болохоор тэр лдээ.

 

Хичээлээ тараад гэртээ ирлээ. Аав ээж хоёр ажилдаа явчихсан хэн ч байсангүй. Ер нь Баяраагийнх руу явъя гэж бодлоо.

 

Ээж аав хоёрыг  орой  ирэхэд нь хэллээ. Аав ч дуртай тэг тэг л  гэж байна. Харин ээж миний охин гэрээ санана шүү дээ гэхэд  та хүүхдийн баяраар хүрж ирээд аваарай гэсээр зөвшөөрүүллээ.

 

За ингээд л  зургуулаа хөдөөг зорьж, бяцхан илгээлтийн эзэд малчны хотонд буулаа. Эхний өдөр нар дөнгөж мандаж байхад дуудаж босголоо. Үд хүртэл унтаж үхрийн дуунаар сэрдэг би нойроо дийлж ядан хоттой хонины цаагуур алхаж явахдаа бүдэрч унаж бүтэлгүйтлээ.

 

Өглөө эрт босож, хонины цаагуур харайгаад л , өдөр нь төл мал хариулж айл гэр болж тоглоод л сайхан шүү.

 

Эхэндээ ажил, тоглоомондоо сатаарч байсан ч долоо хоногийн дараагаас аав ээжийгээ  санаж эхэллээ. Сүүлдээ зүүдэлдэг боллоо. Өдөр ирэх тусам тогломооргүй, яримааргүй, зөвхөн сумын төв ойрхон болов уу? хол болов уу гэсэн бодол төрж, хүүхдийн баяраар ирнэ гэсэн ирэх болов уу? яах бол? Ирэхгүй бол яанаа гэж бодохоос л уйлмаар.

 

Хоног тоолон хүлээж байсан Хүүхдийн баяр. Сумын төвийн зүг харуулдсаар л...

 

Оройхондоо аав ээж хоёр ирлээ. Хүүхдийн баярын бэлгээ задалж, чихэр инээд хоёроор бялхаж мөн ч их хүлээсэн хүүхдийн баяр, мөн ч жаргалтай өнгөрсөн дөө. Эх үрсийн баярын энэ өдөр багын дурсамж ийнхүү  тодорно. 

 

Энэ жил коронавирусийн халдварын улмаас Засгийн газраан "Хүүхэд бүр гэр бүлдээ жаргалтай" уриан дор хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Тийм ээ, бяцхан хүүхдүүд гэр гэртээ аав ээжтэйгээ жаргалтай сайхан баярлаж, өсөн торниг ээ.

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин