Microsoft мэдээний редакторуудаа хиймэл оюун ухаанаар солив
2020-06-02

Майкрософт компани 77 мэдээний редактороо ажлаас нь халжээ. Энэ нь коронавирусийн цар тахлаас үүдэлтэй хямралтай холбоогүй, харин хүний нөөцийг хуваарилах ажлын хүрээнд хийгдсэн гэж компанийн удирдлагууд мэдэгдсэн байна. 

 

Халагдсан редакторуудын ажлыг хиймэл оюун ухаан гүйцэтгэх бөгөөд хиймэл оюун ухаан одоогоор мэдээллийн нөөцийн бүрэн дүүрэн контент бүтээж чадахгүй ч автоматжуулах явцад Майкрософтын мэдээллийн үйлчилгээний олон ажилтан халагдсан гэж  The Verge мэдээлжээ.

 

Майкрософтын боловсруулсан хиймэл оюун ухаан нь мэдээллийг шалгаж, боловсруулан, шүүлт хийхийн дээр редакторуудад мэдээний зураг санал болгох чадвартай гэнэ. Өнгөрсөн сард энэ хиймэл оюун ухааны тусламжтайгаар текстийг редакторлох боломжтой болсон бөгөөд анхлан  Rewrite Suggestions  хэрэглэгчид аливаа хэллэгийг зөв бичих хувилбаруудыг санал болгодог байсан бол одоо өгүүлбэр зохиож чаддаг болжээ.

 

Ийнхүү хиймэл оюун ухаан сайжирсаны дүнд АНУ-д 50 хүн, Их Британид 27 хүн ажлаас халагдсан байна. Эдгээр редакторууд MSN.com, Microsoft Edge браузер болон Microsoft News-ийн төрөл бүрийн апликейшний мэдээ болон контент дээр, контентыг нарийвчлан шүүх, сонгох ажлыг хийдэг байжээ. 

 

Microsoft компани 1995 онд MSN-ийг гаргасныхаа дараа мэдээллийн бизнест 25 гаруй жил ажиллаж байгаа юм. Хоёр жилийн өмнө Microsoft News порталыг гаргахдаа "дэлхийн 50 гаруй орноос ажилладаг 800 гаруй редактортой" хэмээн Майкрософт мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин