“Монгол Улс, БНСУ-ын харилцаа 30 жил” шинэ бүтээл гарчээ
2020-06-02

Энэ онд Монгол улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа билээ. 1990 оноос Монгол улс социалист системээс татгалзаж, ардчилал,зах зээлийн замаар хөгжиж эхэлсэн тэр үед Азийн социалист орнуудаас БНСУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны улс болсон түүхтэй.


Энэ  түүхэн үйл явдлын 30 жилийн ойг энэ онд хоёр тал өргөн тэмдэглэхээр төр, засгийн газрын түвшинд тохиролцон олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн боловч дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас зарим арга хэмжээ хойшлогдож байна. Гэхдээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүх л салбарт өргөжин хөгжсөөр  байна.


Ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин, ШУА-ын Олон улсын харилцааны хүрээлэнгийн зөвлөх, доктор Жанчивдоржийн Ломбо, залуу дипломатч, Ломбын Хаш-Эрдэнэ нар  “Монгол Улс, БНСУ-ын харилцаа 30 жил” хэмээх номыг Монгол,Солонгос хэлээр туурвин бүтээжээ. Ж.Ломбо гуай дипломат албанд 40 шахам жил зүтгэхдээ Умард, Өмнөд Солонгосын аль алинд нь элчин сайд болон бусад албан тушаалд 30 шахам жил томилогдон ажиллаж, БНАСАУ-аас “Найрамдлын тэргүүн зэргийн одон“, БНСУ-ын гадаад харилцааны гавьяаны “Сунре” одон”-оор хүртэл шагнагдаж байсан хүний хувьд Солонгосын ард түмний улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, түүхийн талаар багагүй мэдлэг, боловсрол эзэмшин өөрийн туршлага, холбоо харилцаа, мэдлэг, монгол, солонгос хамт олон, найз нөхдийн дэмжлэгт тулгуурлан хоёр орны харилцааны 30 жилийн ойд зориулж тус номыг эмхэтгэн боловсруулжээ. 


Номонд оршил, хоёр улсын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрүүд, төр,засгийн тэргүүн нарын айлчлал, фото зураг, төр , нийгмийн зүтгэлтэн, элчин сайд, эрдэмтэд,судлаачдын дурсамж, ярилцлага, өгүүлэл, хоёр улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын танилцуулга зэрэг олон салбар, төрөл бүрийн баримт, мэдээ, судалгааг багтаасан нийт 6-н бүлэгтэй, хоёр боть бүтээл юм.


Номын эхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар, БНСУ-ын Гадаад Харилцааны сайд Кан Гён Хва нар болон Парламент дахь найрамдлын бүлгийн тэргүүн, ахмад дипломатууд мэндчилгээний үг илгээж, номын ач холбогдлын талаар тодорхой дүгнэсэн байна. 1990 оны 3 дугаар сарын 26-нд БНСУ-тай дипломат харилцаа тогтоосон нь Монгол Улсын хувьд анх удаа, бие даасан шийдвэр байсан бөгөөд ямар нэгэн нөхцөл тавилгүй харилцаа, хамтын ажиллагаа эхлүүлснээрээ онцлог юм. 


Эртний түүхэн уламжлалт харилцаатай орнуудын хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоосноос хойших 30 жилийн хугацаанд хоёр орны ард түмэн биеэ танин мэдэж, харилцаагаа хөгжүүлсээр эдүүгээ иж бүрэн түншлэлийн харилцааны төвшинд хамгийн ойр дотно хамтран ажиллаж байгаа орон болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. 30 жилийн ойг тохиолдуулан гаргасан энэхүү ном нь  эрх баригчид, бодлого тодорхойлогчдод төдийгүй судлаач, оюутан залуус, хойч үеийнхэнд  чухал ач холбогдолтой, сургалт, судалгааны хэрэглэгдэхүүн, гарын авлага болохуйц түүхэнд үлдэх баримт болжээ. 

 

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач И.Энхболд
 

Shuud.mn
Сонин хачин
aaa:
solongoschuud visgui zorchdog bolvol mognol ohid buudalaas salhaa bainshdee zda
2020-08-12
Irgen:
Manaid solongosyyd er ni iy hiideg ve?
2020-06-02