АНУ: Арьсны үзлээс үүдэлтэй хамгийн дуулиант үймээнүүд
2020-06-02

Өнгөт арьст Жорж Флойдын үхлээс үүдэлтэй АНУ даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний оролцогчдын эсрэг авч хэрэгжүүлж буй Америкийн эрх баригчдын үйлдлийг НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш шүүмжилжээ. 

 

Гутерриш АНУ-ын удирдлагыг тэвчээртэй байхыг уриалж, жагсагчдыг тараахын тулд цагдаагийнхан хүч хэрэглэсэн үйлдлийг мөрдөн шалгахыг шаардсан байна. Түүнчлэн сэтгүүлчдийн эсрэг цагдаагийнхны гаргасан үйлдэлд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал, АНУ-д эмх замбараагүй байдлын үеэр хэвлэл мэдээллийнхний эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан бөгөөд ийнхүү сэтгүүлчид рүү халдсан нь нийгэмд халдсан хэрэг гэж НҮБ үзсэн байна. 

 

Энд дуулгахад АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн тэмцлээс үүдэлтэй эмх замбараагүй байдал тус улсын түүхэнд олонтаа гарч байлаа. Тэдгээрээс хамгийн дуулиантайг нь түүвэрлэвэл: 

 

Өнгөт арьст хүү согтуугаар машин жолоодсон нь зургаан өдрийн үймээний эхлэл болов 

1995 оны наймдугаар сар, Лос-Анжелесийн дагуул хот Уоттс. Өнгөт арьст өсвөн насны хүүг согтуугаар машин жолоодсон хэрэгт сэжиглэн саатуулсны улмаас эмх замбараагүй байдал үүсэв. Цагдаагийнхантай 30 гаруй мянган хүн мөргөлдөж, зургаан өдрийн туршид галдан шатааж, дэлгүүр тонон дээрэмджээ. Үүний дүнд 34 хүн амиа алдаж, 1000 гаруй хүн шархадсан байна. Гурван мянга гаруй хүн баривчлагдан, эмх замбараагүй байдлын улмаас 40 сая гаруй ам.долларын хохирол учиржээ. 

 

Детройтын үймээнд 40 хүн амиа алджээ 

1967 оны долоодугаар сард Детройт хотод олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдэв. Үүний шалтгаан нь Вьетнамын дайчид эргэн ирснийг тэмдэглэж байсан хууль бус баранд нэгжлэг хийсэн явдал байв. Цагдаагийнхны энэ үйлдлийг эсэргүүцсэн багахан хэмжээний мөргөлдөөн олныг хамарсан эмх замбараагүй байдал болон хувирчээ. Мөргөлдөөний улмаас 40 гаруй хүн амиа алдан, 500 орчим хүн шархадсан байна. Цагдаагийнхан 7000 гаруй хүн баривчилсны дийлэнх нь өнгөт арьстнууд байсан гэнэ. Эмх замбараагүй байдлын улмаас 40-80 сая ам.долларын хохирол учирсан гэсэн мэдээлэл бий. 

 

Мартин Лютер Кингийн үхлээс үүдэлтэй эмх замбараагүй байдал 

 

Мартин Лютер Кинг бусдын гарт амиа алдсаны дараа 1968 оны дөрөв болон тавдугаар саруудад Америкийн хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал үүсчээ. Вашингтон, Балтимор, Луисвиллд олон мянган өнгөт арьстан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэв. Улмаар цагдаагийнхантай мөргөлдсөний улмаас 20 хүн амиа алдаж, 1800 гаруй хүн шархадсан бол 11 мянга гаруй хүн баривчлагджээ. Энэ эмх замбараагүй байдлын улмаас 20 сая гаруй ам.долларын хохирол учирсан байна. 

 

Лос-Анжелесийн бослого 

 

1992 оны дөрөвдүгээр сард АНУ-ын түүхэн дэх хамгийн том үймээн Калифорнид гарсан юм. Энэ үйл явдал түүхэнд "Лос-Анжелесийн бослого" нэрээр үлджээ. Эмх замбараагүй байдал үүсэх болсон шалтгаан нь өнгөт арьстныг зодсон цагдаагийнхныг тангарагтны шүүгчид гэм буруугүй гэж үзсэн явдал байв. Үүниййг эсэргүүцсэн олон үймээн үүсгэж, мөргөлдөөний үеэр 55 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн шархдан, 12 мянган хүн баривчлагдсан байна. Энэ үймээний улмаас учирсан хохирол тэрбум долларыг давжээ. 

 

Фергюсоны эмх замбараагүй байдал 

 

2014 оны наймдугаар сард АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотод эмх замбараагүй байдал дэгдэв. Цагдаагийнхан баривчилгаа хийх үеэрээ зэвсэггүй, өнгөт арьст хүүг буудан хөнөөсөн нь эсэргүүцлийн шалтгаан болсон юм. Хотын шүүх цагдаагийн ажилтнуудын эсрэг хэрэг үүсгэхээс татгалзсаны дараа эмх замбараагүй байдал дэгджээ. Эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид цагдаагийн нисдэг тэрэгрүү буудаж байв. Энэ эмх замбараагүй байдлын улмаас олон хүн шархдаж, 80 гаруй хүн саатуулагдсан байна.

 

Флойдын хэрэг: Вашингтонд хөл хорих цаг тогтоож, Трамп "нуугджээ"

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин