Оросын Батлан хамгаалах яам коронавирусийн вакцины туршилтад оролцох сайн дурынхныг цэргийн алба хаагчид дундаас сонгосон талаараа мэдээлснийг Риа Новости дамжууллаа.
"Вакцины аюулгүй байдал болон үр ашигтай эсэхийг шалгах ажилд 50 цэргийн алба хаагч, тэр дундаа таван эмэгтэйг сонгосон. Тэд шинэ бэлдмэлийг турших ажилд оролцохоор сайн дураар хүсэлт гаргасан юм. Сайн дурынхны биеийн байдалд урьдчилсан үзлэг, туршилт хийсэн бөгөөд сүүлийн сарын хугацаанд тэд ямар нэг өвчнөөр өвдөөгүй" хэмээн Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр цэргийн алба хаагчдыг Орос даяарх нийт анги нэгтгэлүүдээс сонгон авсан байна. Эхний бүлэг нь зургадугаар сарын гуравны өдөр Оросын Батлан хамгаалах яамны Эрдэм шинжилгээ судалгааны төв хүрээлэнгийн дэргэдэх тусгай байгууллагад ирж, "урьдчилсан нарийвчилсан эмнэлгийн үзлэгт орж, туршилтад бэлдэх" юм байна.
Энд дуулгахад, Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Цацраг, хими, биологийн хамгаалалтын хүчний Эрдэм шинжилгээ судалгааны төв хүрээлэн Н.Ф.Гамалеян нэрэмжит Тахал судлал, микробиологийн Үндэсний судалгааны төвтэй хамтран коронавирусийн вакциныг боловсруулж байгаа талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илтгэж байв. Түүний өгүүлснээр зургадугаар сарын нэгнээс өмнө клиникийн өмнөх туршилтыг, харин клиникийн туршилтыг долоодугаар сард багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |