М.Болдсайхан: Эрүүл мэндийн асуудалтай бол тусгай бэлтгэсэн ангид шалгалт өгнө
6-3

 

Энэ жилийн ЭЕШ-т долдугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Цаг үеийн нөхцөл байдлаас  шалтгаалж ЭЕШ-ын журамд өөрчлөлт орсон эсэх, шалгалтын бэлтгэлийн талаар  БҮТ-ийн элсэлтийн шалгалт хариуцсан  ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.

 

-ЭЕШ -ын бэлтгэл ажил хэр явагдаж байна вэ?

 

-Энэ жилийн ЭЕШ-нд хэд хэдэн өөрчлөлт орсон. Суудлын хуваарь дээр шалгуулагч шалгалтын анги танхимд  ирэх цаг, нэвтрэх хаалга, суудлыг тодорхой зааж өгсөн байгаа. Өмнө нь нэг ангид 20-40 хүүхэд суух боломжтой байсан бол энэ жил шинэ төрлийн коронавирус цаг үеийн байдлаас шалтгаалж ширээ хоорондын зайг 1,5-2 метрийн зайтай тавих ангийн стандарт тогтоосон. Тиймээс  50 шалгалтын байр биш 85 шалгалтын байр хэрэгтэй болж байгаа юм. 

 

Хүүхэд бүр шалгалтын байранд ирэхдээ нэг, хоёр, гуравдугаар хэсгээр нэвтэрч орно. Энэ нь  суудлын хуваарь дээр тодорхой заасан байгаа. Шалгуулагч өөрийн нэвтрэх хэсгээр нэврэхдээ эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаар заасан байна. Халуун хэмжих, ханиадтай эсэхийг үзэж, гарын ариутгал хийж, амны хаалт зүүлгээд дараагийн шалгалтандаа хамрагдах юм. Хэрвээ эхний эмчийн үзлэгт ороод ханиадтай эсвэл халуунтай эрүүл мэндийн хувьд асуудалтай гэж эмч эмнэлгийн ажилтан  дүгнэвэл тухайн хүүхдийг  шалгалтанд оруулна. Гэхдээ  тусгай бэлтгэсэн анги танхимд оруулж шалгалтыг нь авна.  ЭЕШ-ын байр бүрт  хоёр тусгай анги бэлдсэн байгаа.

 

-Хүүхдүүд шалгалтанд ирэхдээ ямар бичиг баримт авч ирэх  шаардлагатай вэ?

 

-ЭЕШ өгөхөөр ирэхдээ дөрвөн төрлийн бичиг баримт авч ирэх шаардлагатай. Үүнд:

  1. Бүртгэлийн хуудас – Энэ онд ЕБС төгсөж байгаа  бол заавал сургуулийн захирлаараа бүртгэлийн хуудсаа баталгаажуулсан байх хэрэгтэй. Өмнөх оны төгсөгчид бол QR кодоор баталгаажсан бүртгэлийн хуудастай ирнэ.
  2. Суудлын хуваарь
  3. Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцүүлэх бичиг баримт
  4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

 

-Шууд засалтын технологийг ашиглах уу?

 

-БҮТ-өөс  2018 оноос эхлэн шууд засалтын шилэн технологийг Орхон, Ховд аймгуудад туршсан. Өнгөрсөн онд улсын хэмжээнд шууд засалтын технологийг нэвтрүүлсэн. Ингэхдээ хүүхэд бүр дурын  үзэг харандаагаар хариултын хуудсыг будаж болохгүй. Зориулалтын бал харандаагаар хариултыг будаж хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс бүх шалгалтын байруудад зориулалтын бал харандаа баллуур, үзүүрлэгчийг хангалттай төвлөрүүлж татсан байгаа.

 

-Шалгалтын байр нэмэгдэж байгаатай  холбоотой шууд засалтын шилэн технологи хүрэлцээтэй юу? Өдөртөө дүнгээ гаргаж дуусах уу?

 

-Энэ жил мөн шууд засалтын шилэн технологийг  ашиглаж  дүн оноогоо хүргэнэ. Хэдийгээр 50  шалгалтын байранд зориулж бэлдсэн байсан ч зохицуулах боломжтой. Улаанбаатар хотод нийт 41 шалгалтын байранд шалгалт зохион байгуулна. Хөдөө орон нутагт нэг аймагт 2-3 шалгалтын байр байгаа. Энэ шалгалтын байрны дунд нэг шалгалтын машин ажиллана. Тухайн шалгалтын  өдөр өдөрт нь дүнгээ гаргана. УОК, БСШУСЯ-наас өгсөн чиглэлийн дагуу коронавирусийн тархалт дэгдэлттэй холбоотой хүүхдийг төвлөрүүлж бөөгнөрүүлж болохгүй учраас шалгалтын оноогоо өнгөрсөн жилийнхтэй ижил танхимд сууж харах боломжгүй. Цахим хаягаар оноогоо харах боломжтой.

 

Долдугаар сарын 02-05-ны хооронд шалгалт зохион байгуулагдаж өдөр өдөрт нь дүн нь танилцуулагдана. Мөн сарын 06 гэхэд улсын хэмжээнд шалгалтын эцсийн дүн гарна. 07,08-ны өдрүүдэд Их дээд сургуулийн онлайн бүртгэл болно. 09,10-ны өдрүүдэд ЭЕШ-ын батламж хуудсыг тараана. Долдугаар сарын 22 гэхэд бүх элсэгчид сургуульдаа элсэж, бичиг баримтаа бүрэн цэгцэлсэн байхаар төлөвлөж байна.  

 

-ТВ хичээл, онлайн хичээлүүд тавдугаар сарын 31-нд дуусгавар боллоо. Хичээлийн зөвлөмж зөвлөгөөг илгээж байгаа гэсэн үү?

 

-БҮТ-өөс ЭЕШ-нд бэлдэх тв хичээл, онлайн хичээлийг явуулсан. Энэ хичээлүүд тавдугаар сарын 31нд дуусгавар боллоо. Долоо хоног бүрийн лхагва гараг бүр зөвлөмж зөвлөгөөг шалгуулагчийн бүртгүүлсэн мэйл хаягаар нь илгээж байна. Энэ зөвлөмжийг долдугаар сарын 01 хүртэл явуулна. 

 

Хэдийгээр цахим хичээл, тв хичээл зогссон ч бие дааж бэлдэх бүрэн боломж бий. БҮТ-ийн http://help.eec.mn/  хуудсан дээр бүх тв хичээл, ЭЕШ-ын сэдэвт даалгавруудыг зөв хариултын түлхүүрийн хамт, шалгалттай  холбоотой теле зөвлөмжийг байршуулсан байгаа. ЭЕШ-ын гарын авлагыг улсын хэмжээнд  32000 сурагчид  үнэгүй тараасан.

 

Өнөөдрөөс  ЭЕШ-ын сэдэв боловсруулах баг ажилдаа орно. Энэ баг гар утас интернет сүлжээгүй Улаанбаатар хотоос зайтай бүрэн камераар хянадаг газрыг сонгож   НЦГ-ын нийслэлийн хэв журам хамгаалах хэлтсийн цагдаа нар мөн ТЕГ-ын тусгай шуудангийн албатай хамтраад  сэдвийг боловсруулна. Шалгалтын сэдэв задрах, хариултыг олж авна гэсэн ямар нэгэн сөрөг бодолд автахгүйгээр бие дааж бэлдэх хэрэгтэй. Мөн маргаашнаас шалгалтын байруудыг шалгах ажил эхэлнэ. Шалгалтын байрууд эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх, эмч  эмнэлгийн ажилчид заавар чиглэлийг хэрхэн  хүргэх талаар хяналт шалгалт хийгдэнэ.

 

-Энэ жилийн ЭЕШ-ын агуулгад ямар өөрчлөлтүүд орсон бэ?

 

-Өмнө жил 50 шалгалтын байр байсан бол энэ жил 85 шалгалтын байр болсон учраас сонсох чадварын шалгалтын төхөөрөмжүүдийг байрлуулж амжаагүй, боломжгүй байсан. Тиймээс энэ жил Монгол хэл, Англи хэл, Орос хэлний шалгалтын сонсох чадвар сорьсон  даалгаврыг агуулгаас хасаж байгаа. Коронавирусээс үүдэн хоёрдугаар сарын 03-наас хойш хичээл сургалтын үйл ажиллагаа тасалдсан. Хэдийгээр  тв, цахим хичээл зохион байгуулж байгаа ч энэ хичээлийн  үр дүн хүүхэд бүрт харилцан адилгүй хүрч байгаа. Тиймээс энэ жилийн ЭЕШ-ын агуулгыг 10, 11, 12 -р ангийн агуулгыг бүрэн хамааруулаад арванхоёрдугаар ангийн агуулгын гурав дөрөвдүгээр улирлын агуулгыг оруулахаас зайлсхийнэ. Гэхдээ тв хичээлээр үзсэн гол гол  агуулгыг оруулахыг үгүйсгэхгүй. Шалгалтын үр дүнг цуваа үүсгэх зорилгоор  зарим хүндэвтэр  бодлого оруулж болзошгүй. Оруулбал тв хичээлийн хүрээнд оруулна.  Яагаад гэвэл ЭЕШ бол ямар нэгэн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэмждэг шалгалт биш, хувь хүний эзэмшсэн ур чадвар, хичээл зүтгэлийг шалгадаг шалгалт.

                                                                                                                                   Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
Энэ жилдээ элсэлтийг өнжвөл дээр юм биш үү?
2020-06-03