COVID-19: Москвад эдгэрсэн хүний тоо 91 мянгыг давжээ
2020-06-03

ОХУ дотроо коронавирусийн халдварын тохиолдол хамгийн ихтэйд тооцогдож байгаа Москва хотод эдгэрсэн хүний тоо өссөөр байгаа талаар Regnum агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зургаадугаар сарын гуравны өдрийн байдлаар Москвад коронавирусийн халдвар нь бүрэн эмчлэгдсэн хүний тоо 91 654 болжээ. Өнгөрсөн хоногт гэхэд 3385 хүн эдгэрсэн байна.

 

Москва хотын орлогч дарга Анастасия Раковагийн мэдэгдсэнээр эмнэлгээс гарч буй өвчтөн бүр эмнэлгийн хяналтанд орж байгаагийн дээр эдгэрсэн хүмүүсийг плазмын донор болох санал тавьж байгаа гэнэ. Халдвар аваад эдгэрсэн хүмүүсээс плазм авч өвчтөнүүдэд хийснээр, коронавирусийн халдварыг эмчлэх аж.

 

Орлогч дарга зургадугаар сарын нэгний өдөр мэдэгдэл хийхдээ Москва хотод коронавирустэй хийх тэмцэл үргэлжилж байгаа тул одоогоор тахлыг даван туулсан талаар ярих нь эрт хэмээн онцолж байв. Түүний өгүүлснээр хотод өдөрт 700-800 хүн эмнэлэгт хандаж байгаа нь өндөр үзүүлэлт гэнэ.

 

Үүнээс өмнө, тавдугаар сарын 23-ны өдөр Москва хотын дарга Сергей Собянин хотод коронавирусийн нөхцөл байдал тогтворжсон хэмээн мэдэгдэж, харин тавдугаар сарын 27-ны өдөр хотод хязгаарлалтуудыг цуцлах шинэ шат ирснийг зарласан юм.

 

Улмаар зургадугаар сарын нэгнээс хүнсний бус худалдаа, хими цэвэрлэгээ, засварын газрууд ажиллаж эхлэн, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэсэгчлэн сэргээсэн юм. Түүнчлэн оршин суугчдыг гадаа зугаалахыг зөвшөөрсөн бөгөөд ингэхдээ хотын захиргааны портал дээр нийтлэгдсэн хуваарийн дагуу байр, байраараа ээлжлэн гарах эрхтэй болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин