БНАСАУ Өмнөд Солонгостой хийсэн цэргийн хэлэлцээрээс гарна хэмээн сүрдүүлжээ
2020-06-04

Өмнөд хөрш нь суртал ухуулгын хуудсууд тараахаа болихгүй бол 2018 онд байгуулсан хурцадмал байдлыг намжаах тухай хоёр талт цэргийн хэлэлцээрээс гарна гэж БНАСАУ сүрдүүлсэн тухай Associated Press мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хил дамнуулан ухуулгын хуудас тарааж байгаа ухуулагчдын үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг Өмнөд Солонгос авах ёстой гэж Хойд Солонгосын эрх баригчид үзэж баайгаа гэнэ. Харин энэ нь үг хэлэх эрх чөлөөг хассан хэрэг болно гэж Өмнөд Солонгос үздэг юм. 

 

Өмнөд Солонгосын талаас суртал ухуулгын хуудсыг байнга Хойд хөршрүүгээ илгээдэг бөгөөд ийнхүү ухуулга тараах хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга нь суртал ухуулгын материал бэхэлсэн агаарын бөмбөлгүүдийг БНАСАУ руу илгээдэг байна.

 

Ийнхүү ухаалга явуулж буй хүмүүсийн дунд Хойд Солонгосын дүрвэгч олон байдаг нь БНАСАУ-ын эрх баригчдын дургүйцлийг төрүүлдэг гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Энд дуулгахад, сүүлийн саруудад хоёр орны харилцаа ихээхэн хүндэрсэн юм. Өнгөрсөн сарын эхээр Хойд болон Өмнөд Солонгосын хил дээр байх цэрэггүй бүсэд буудалцаан болсон бөгөөд БНАСАУ-ын тал эхэлж гал нээсний дараа Өмнөд Солонгосын цэргүүд сануулах буудлага хийсэн гэсэн мэдээлэл гарч байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин