Их Британид 1980-аад оных шиг ажлын байрны хямралд бэлдэхийг анхааруулжээ
2020-06-04

Их Британийн сангийн сайдаар ажиллаж байсан гурван хүн Засгийн газрыг 1980-аад оны үед тохиосонтой ижил үзүүлэлтэд ажилгүйдэл хүрч болзошгүй нөхцөлд бэлдэх шаардлагатай хэмээн анхааруулсан талаар The Guardian мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сангийн сайд байсан Лорд Алистер Дарлинг, Жордж Осборн болон Филип Хэммонд  нар ажлын байрны хомсдол нэмэгдэж эхэлсэн тул коронавирусийн үр дагаврыг зөөлрүүлэх арга хэмжээ нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна.

 

Сангийн сайд асан Дарлинг 1980-аад оны түвшинд ажилгүйдэл хүрэх тул Сангийн хороо анхааралтай байх хэрэгтэй хэмээн мэдэгджээ. 1984 онд Их Британид ажилгүйдлийн түвшин оргил үедээ хүрч, 12 хувь болсон байна.

 

Харин Дарлингийн дараа сангийн сайдаар ажиллаж байсан Осборны үзэж байгаагаар өнөөгийн эдийн засгийн уналт олныг хамарсан ажилгүйдэл үүсгэж болзошгүй гэнэ. "Энэ бол нийгмийн маш том асуудал болно, түүний зэрэгцээ өнөөгийн засгийн газрын эдийн засгийн ноцтой асуудал болох нь дамжиггүй" хэмээн Осборн анхааруулжээ.

 

COVID-19 цар тахал болон үүнтэй тэмцэх арга хэмжээнүүд нь ажил үйлчилгээний идэвхижилтийг тасалдуулж, энэ нь хөдөлмөрийн зах зээлд хүчтэй нөлөөлсөн байна. Их Британид дөрөвдүгээр сард ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүмүүсийн тоо 1996 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Түр хугацаанд амралттай байгаа ажилтнуудад цалингийнх нь 80 хувийг олгох Засгийн газрын хөтөлбөр гараагүй бол ажилгүйчүүдийн тоо улам өсөх байсан гэж шинжээчид мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин