Д.Нямхүү: Дахин таван хүнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.05/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. 6сая 688 мянган хүн халдвар авч, 392 мянган хүн нас барж, 3 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий нийтэд 125 мянган хүн шинээр өвчилж, 5000 гаруй хүн нас барсан. Манай улсад 12 хүн ажиглалтад шинээр орсон. 288 хүн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Нийт 1530 хүн ажиглалтад байна. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 5902 зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. 119 дугаарын утсанд 179 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 9 дуудлага ирсэн.
АНУ-д 14600 гаруй шинэ тохиолдол, 827 гаруй нас баралт нэмж бүртгэгджээ. ОХУ-д 8800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 441 мянга гаруй болсон байна. Харин Бразил улсад 30900 гаруй тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол 614900 гаруйд хүрээд байна. Мөн өдөр 1473 гаруй хүн нас барж, нийт нас баралт 34 мянга гаруй болсон байна. БНСУ-д 39 тохиолдол нэмж бүртгэгджээ. Япон улсад 30 шинэ тохиолдол, 3 нас баралт нэмж бүртгэгдлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 715 хүнд шинжилгээ хийлээ. 710 хүнд коронавирус илрээгүй. Таван хүнд коронавирус илэрлээ. Эдгээр хүмүүсийн 4 оюутан, ОХУ-аас ачаа ачдаг ачаа тээврийн жолооч байна. Энэ жолооч нь зургадугаар сарын 03-нд орж ирсэн. Сэжигтэй тохиолдол гэж үзээд Сэлэнгэ аймагт тусгаарласан. Өнөөдөр ХӨСҮТ-рүү татан авах гэж байгаа.
Ажиглах байранд тусгаарлагдсан 626 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 14 сорьц, Дорноговь аймгийн боомтоор орж ирсэн 29 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн ажиглах байранд тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 22 ачаа тээврийн жолооч, ХӨСҮТ-д хоёр хүний давтан шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Сайн мэдээ өнөөдөр таван хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарч дараагийн шатны сувилал руу шилжлээ.
Манай нийт батлагдсан 191, эдгэрсэн 70 боллоо. ХӨСҮТ-д 121 хүн хяналт эмчилгээнд байна. Биеийн байдал 106 хүн хөнгөн, 15 хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ