ОХУ Орос хэлний өдрийг тэмдэглэж байна

Өнөөдөр буюу суут зохиолч Александр Сергеевич Пушкиний төрсөн өдрөөр тохиодог "Орос хэлний өдөр"-ийг ОХУ-д тэмдэглэж байна.
Энэ жил коронавирусийн цар тахалтай холбоотой хязгаарлалтын арга хэмжээний улмаас Пушкиний өдрийг Орост онлайн хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд театр, музей, соёлын бусад байгууллагууд үзэгчдэд жүжиг, тоглолт телевиз, олон нийтийн сүлжээгээр дамжуулан үзүүлж, цахим экскурс зохион байгуулах аж.
Энд дуулгахад, Орос болон дэлхийд орчин цагийн орос утга зохиолын хэлний үндсийг тавьсан, суут найрагч Александр Сергеевич Пушкиний төрсөн өдөр болох зургадугаар сарын зургааны өдрийг Орос хэлний өдөр болгон тэмдэглэдэг.
Орост орос хэлний өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлэх талаарх зарлигт Оросын Ерөнхийлөгч 2011 оны зургадугаар сарын зургааны өдөр гарын үсэг зурж байлаа. Энэ баяр нь орос хэлийг Оросын ард түмний үндэстний баялаг, олон улсын харилцааны хэрэгсэл, дэлхийн соёл иргэншлийн соёлын болон оюун санааны салшгүй хэсэг болохын хувьд хадгалан үлдэх, дэмжих, цаашид хөгжүүлэхийн тулд албан ёсоор тэмдэглэх болжээ.
Орос хэл бол дэлхийн хамгийн өргөн хэрэглээтэй хэлнүүдийн нэг бөгөөд энэ хэлээр ярьдаг хүмүүсийн тоогоор англи, хятад, хинди, спани, арабын дараа зургадугаарт ордог аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ