COVID-19: АНУ Хятадыг буруутгаж, Мальтад цагаачид үймээн дэгдээв
2020-06-08

Коронавирусийн цар тахал дэлхий даяар хэдийнэ 400 мянган хүний амь насыг авч одов. Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр дэлхий даяар COVID-19 вирусийн улмаас 400121 хүн нас барж, халдварын тохиолдол 6,91 сая болсон байна. 

 

Халдварын тоогоор хамгийн их үзүүлэлттэй байгаа нь АНУ хэвээр байгаа бөгөөд дэлхий даяар халдвар авсан хүмүүсийн 30 хувь нь энэ улса ноогдож байгаа юм. Түүнчлэн коронавирусээс үүдэлтэй нас баралт ч АНУ-д хамгийн өндөр байна.

Коронавирусийн цар тахалтай холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг ВВС, Regnum, ТАСС болон Reuters агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар тоймлон хүргэе. 

 

БНХАУ-ыг вакцин бүтээхэд санаатайгаар саад учруулж байгаад буруутгав 

Барууны орнууд коронавирусийн вакцин бүтээх ажлыг Хятад саатуулах, санаатайгаар тасалдуулах оролдлого хийж байгааг батлах баримтууд АНУ-д бий гэж Бүгд найрамдах намын сенатч Рик Скотт мэдэгджээ.

 

"Бид энэ вакциныг хийх ёстой. Харамсалтай нь коммунист Хятад энэ ажлыг зориудаар тасалдуулах эсвэл саатуулахыг хичээж байгааг гэрчлэх баримтууд бий" хэмээн тэрбээр ВВС-д өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

 

Түүний үзэж байгаагаар Хятад улс дэлхий дээр ноёлоход чиглэгдсэн бодлого явуулж байгаа гэнэ. "Хятад улс биднийг энэ вакциныг түрүүлж хийхийг хүсэхгүй байгаа. Тэд америкчууд, дэлхий даяарх ардчиллын сөргөлдөгч болохоор шийдсэн гэж би бодож байна" хэмээн Рик Скотт өгүүлжээ.

 

Гэхдээ АНУ-д чухам ямар баримт байгаа талаарх асуултад тэрбээр тодорхой хариулсангүй, гагцхүү тагнуулын албаар дамжуулан мэдээллийг авсан хэмээн хаөриулсан байна.

 

Мальта цагаачдыг оруулав 

Мальтын эрх баригчид 400 гаруй цагаачийг суулгасан дөрвөн хөлөг онгоцыг Мальтын боомт дээр зогсохыг зөвшөөрчээ. Ийнхүү зөвшөөрсөн шалтгаан нь нэг онгоцон дахь цагаачид хөлгийн багийн гишүүдийг барьцаалан сүрдүүлсэнтэй холбоотой гэнэ. Улмаар коронавирусийн цар тахлын улмаас Мальта улсын бүхий л боомтууд хаалттай хэдий ч цагаачдын заналхийллээс болж хөлөг онгоцуудыг боомт дээр зогсохыг звөшөөрсөн байна. 

 

Мальта улсын Ерөнхий сайд Роберт Абелагийн мэдэгдсэнээр цагаачдыг байлгахаар гаргасан жуулчны хөлөг онгоцын экипажийн гишүүнийг нөхцөл байдлыг шийдэхэд хагас цагийн хугацааг барьцаалагчид өгсний дараа тухайн гишүүн тусламж хүсэн, Ерөнхий сайддаа хандсан байна. 

 

Ерөнхий сайдын өнүүлснээр эдгээр нь дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн тэнгист байгаа хууль бус цагаачид бөгөөд тэд гал тогооноос хутга аван зэвсэглэж, хөлөг онгоц эрэг рүү очихгүй бол хийн баллоныг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн байна. 

 

Эдгээр цагаачдыг өмнө нь Ливийн эргүүдээс татаж авсан бөгөөд тэднийг түр хугацаанд байлгахын тулд Мальта улс жуулчны дөрвөн хөлөг онгоц гаргаж байжээ. 

 

Улаан талбай дээрх номын үзэсгэлэн

ОХУ-ын нийслэл Москва хотод олон нийтийн арга хэмжээг хориглосон ч өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаан талбайд номын үзэсгэлэн худалдаа гарчээ. Зохион байгуулагчид аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч, хүмүүсийн биеийн халууныг хэмжин, хүмүүс хоорондоо хоёр метрээс дотогш ойртохгүй байхад хяналт тавьж ажилласан гэнэ. 

 

Цар тахлын үеийн номын үзэсгэлэнд нийтдээ 180 хэвлэлийн газар оролцож байгаа бөгөөд энэ арга хэмжээ өнөөдөр мөн үргэлжлэх аж. Зохион байгуулагчид өдөрт 6000 хүн хүлээн авахаар тоог хязгаарласан байна. Номын үзэсгэлэнд оролцохын тулд урьдчилан бүртгүүлж, тусгай цахим код авах бөгөөд заасан хугацаанд нэг дор цуглах хүний тоо 1200-аас хэтрэх ёсгүй гэнэ. Мөн оролцогч бүр амны хаалт, бээлийтэй байхын дээр 65-аас дээш насныхан болон долоогоос доош насны хүүхдүүдийг орохыг хоригложээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цагаачид гэж ийм л хогийн оркууд байх юм даа.
2020-06-08