ОХУ: Тусгаарлалтын горимыг цуцалж, хилээ хэсэгчлэн нээв
2020-06-09

Дэлхий даяар тархсан цар тахлын нөхцөлд коронавирусийн халдвар хамгийн их бүртгэгдсэн орнуудын гуравдугаарт манай хойд хөрш ОХУ бичигдэж байгаа юм. 

 

Зургаадугаар сарын наймны өдөр тус улсад хоногт 8985 тохиолдол нэмэгдсэнээр коронавирусийн халдварын тохиолдол 477 мянгад хүрч, үүнээс 231 мянган хүн эдгэрсэн бол нас барсан хүний тоо өнгөрсөн хоногт 112-оор нэмэгдэж 6000 руу дөхжээ. 

 

ОХУ дотроо тахлын нөхцөл хамгийн хүндэд тооцогдож байсан Москва хотод хөл хорио, өөрийгөө тусгаарлах горим, цахим кодоор гэрээсээ гарах журам үйлчилж байсан. Харин энэ төрлийн зарим хязгаарлалтыг өнөөдрөөс буюу зургаадугаар сарын еснөөс эхлэн цуцлахаар болжээ. 

 

Regnum агентлагийн мэдээлснээр, зургаадугаар сарын еснөөс эхлэн өөрийгөө тусгаарлах, үнэмлэхээр гэрээсээ гарах, хуваарийн дагуу гадуур зугаалах журмыг цуцлаж байгаа гэнэ.

 

Эргэн сануулахад, гуравдугаар сарын тавны өдөр Москва хотод өндөржүүлсэн бэлэн байдлын горим тогтоосон талаар хотын дарга Сергей Собянин зарлаж байлаа. Эхний ээлжинд коронавирусийн тархалт өндөртэй гадаадын улс орнуудаас ирсэн иргэд гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах журамтай байсан бол гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн москвачуудыг гэрээс гарахыг хориглосон бөгөөд гагцхүү ажилдаа явах, дэлгүүр орох, эмчид үзүүлэх, нохойгоо салхилуулах, эсвэл хогоо гаргаж хаях зорилгоор гэрээс гарахыг зөвшгөөрч байв. 

 

 

Харин тавдугаар сарын 27-ны өдөр Собянин зарлиг гаргаж, зургадугаар сарын нэгний өдрөөс эхлэн хотын оршин суугчид цахим зөвшөөрлийн үнэмлэхгүйгээр гадаа амны хаалттайгаар зугаалахыг зөвшөөрсөн. Гэхдээ хотын оршин суугчид долоо хоногт гурван удаа 09.00-21.00 цагийн хооронд гарахыг зөвшөөрч байв. Харин өнөөдрөөс эхлэн дээрх журмууд цуцлагдсанаар москвачууд чөлөөтэй зорчих, гэрээсээ гарах боломжтой болжээ.

 

Хэдийгээр хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцалсан ч амны хаалт зүүх, бээлий өмсөх журам хэвээр үйлчилж байгаа гэнэ. Түүнчлэн тахлын нөхцөл байдал дахин хүндэрвэл хязгаарлалтуудыг сэргээх боломжтой гэж Москва хотын захиргаа мэдэгджээ.

 

Оросууд гадаадыг зорих боломжтой болов 

 

ОХУ өнгөрсөн хоногт өөр нэг чухал шийдвэр гаргасан нь хилээ хэсэгчлэн нээх шийдвэр юм. Тодруулбал, Оросын иргэд хилийн чанадыг зорих, гадаадын иргэд ОХУ руу нэвтрэхэд тавьсан зарим хязгаарлалтуудыг цуцлах тухай зарлигт ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин зургадугаар сарын наймны өдөр гарын үсэг зуржээ. 

 

"Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс бид гуравдугаар сараас эхлэн Орос руу гадаадын иргэдийн оруулахгүй, мөн Оросын ихэнх иргэдийг хилийн чанад руу зорчихыг түр хугацаанд хязгаарласан. Гэхдээ нөхцөл байдал янз бүр байдгийг бид ойлгож байна" хэмээн Мишустин мэдэгдээд, олон хүн өвдсөн төрөл төрөгсөддөө туслахаар Орост ирэх, зарим нь олон шалтгаанаар Оросоос явах шаардлагатай байгааг онцолсон байна.

 

Тиймээс дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ зарлигийн дагуу Оросын иргэд бусад улс орнуудад амьдарч байгаа, өвдсөн төрөл төрөгсдөө асран халамжлах, мөн ажил, сургуульдаа явах шаардлагаар хилийн чанадыг зорих боломжтой болсон байна. Түүнчлэн гадаад улс орнуудыг зорьж эмнэлгийн тусламж авах боломжтой болжээ.

 

Мөн Оросын эмнэлгийн байгууллагуудад эмчилгээ хийлгэх шаардлагатай, түүнчлэн ойрын төрөл садан, асаргаа шаардлагатай төрөл төрөгсөдтэйгээ уулзах зорилгоор гадаадын иргэд ОХУ-ыг зорих боломжтой болсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин