Саналаа өгөх бэлтгэл базаая
2020-06-10

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэн нэр дэвшигчдийн хувь зав чөлөө, цаг наргүй "халуухан" өдрүүд үргэлжилж байна. Тэд төрд төлөөлөл болон суух хүсэлдээ хөтлөгдөөд цурамч хийлгүй хотын төв, гэр хороолол, хөдөө аймаг, сумдад ер хаа сайгүй л хэрэн хэсч байгаа.  Тэгвэл сонгогчид бид ч хэнийг сонгохоо сайтар нягтлан, судалж дараа нь саналын хуудсаа хэрхэн зөв бөглөж хүчингүйд тооцуулахгүй байх вэ гэдэгтээ анхаарч л байя. 

 

Сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны вэбсайтад саналын хуудасны загварыг байршуулжээ. Мөн сонгуульд оролцон саналаа өгөх иргэд өөрсдийн нэр сонгогчдын нэрсийн жагсаалтад байгаа эсэхээ ЭНД дарж шалган, баталгаажуулах боломжтой.

 

Нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгосон нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг сонгож зааврын дагуу дүрсийг дүүргэн будсан тэмдэглэлээг хийдэг.  Гэвч сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжийг хуулиар олгожээ. 

 

Харин санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох Сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлд:

 

47.1.Дор дурдсан саналыг хүчингүйд тооцно:

 

47.1.1.энэ хуулийн 46.3.5, 46.3.6-д заасан санал;

 

47.1.2.тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө өгсөн санал;

 

47.1.3.нэгээс илүү нам, эвслийн төлөө өгсөн санал.

 

47.2.Дор дурдсан тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно:

 

 47.2.1.баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсаар санал өгсөн

47.2.2.сонгогчоос саналаа хэрхэн тэмдэглэх талаарх саналын хуудас дахь зааварт зааснаас өөр тэмдэглэл хийсэн бол хүчингүйд тооцно гэжээ.       

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйл, Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах журам”-д заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудас хэвлэх ажлыг энэ сарын 7-ны өдрөөс  эхлүүлсэн. 

 

Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн сонгогчийн тоонд үндэслэн хэвлүүлэх саналын хуудасны тоог баталдаг. Энэ удаад сонгогчдын нэрийн жагсаалтад 2,132,239 сонгогч бүртгэгдсэн бөгөөд саналын хуудсыг таван хувийн нөөцтэй хэвлүүлж байгаа аж. 

 

Харин УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Ээлжит сонгуулийн санал авах өдөр 2020 оны 6 дугаар сарын 24-ний лхагва гариг. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бат:
1 ээс илүү нам эвсэл дэмжвэл хүчингүй болох уу энэ харина зарсах заалт бус уу 2 мандаттай газар МАН -1 МАХН-1 дугуйлбал хүчингүй гэж үзэх үү
2020-06-10