COVID-19: Европ хөл хориогоо сулруулж, италичууд эрх баригчдаа шүүхэд өгөв
2020-06-11

Бразилийн алслагдсан нутгуудаас коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг нисдэг тэргээр зөөж байгаа бол Италид COVID-19 халдварын улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн эрх баригчдынхаа эсрэг шүүхэд нэхэмжлэл гарган, Латин Америкт цар тахлын нөхцөл байдал улам бүр муудаж байна. Дэлхий даяар тархсан цар тахалтай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг ВВС, ТАСС, Regnum агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар тоймлон хүргэе.

 

Британи: Ганц бие хүмүүст зориулсан дэмжлэг 

 

Өнгөрсөн лхагва гаригт Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдэл хийхдээ тус улсад хөл хориог сулруулж байгаа талаар онцолсон. Тухайлбал ганцаараа амьдардаг хүмүүсийг айлд зочлон хонож болно хэмээсэн бөгөөд үүнийгээ тэрбээр "дэмжлэгийн хүрээ" гэж нэрлэжээ. 

 

Энд дуулгахад, коронавирусийн цар тахал дэгдсэний дараа өөрийнх нь зөвлөснөөр Британид хатуу хязгаарлалтуудыг тавьсан тахал судлаач Нил Фергюсоны өгүүлснээр хөл хориог дор хаяж долоо хоногийн өмнө тавьсан бол нас барсан хүмүүсийн тоо хоёр дахин бага байх боломжтой байсан хэмээн лхагва гаригт мэдэгджээ. Британид гуравдугаар сарын 23-ны өдрөөс эхэлж л хөл хорио тавьсан бөгөөд одоо албан ёсны мэдээллээр тус улсад 41 мянга гаруй хүн коронавирусийн халдварын улмаас нас баржээ. 

 

Европын хөл хорио, айдас түгшүүр багасав

Лхагва гаригт Словак улс COVID-19 вирусийн халдварын тархалтын хувьд аюул багатай 19 орны /16 нь Европын орон/ иргэдийг Словакд ирэхэд зайлшгүй хөл хорионд орох журмыг цуцалсан байна. Харин халдварын нөхцөл байдал таагүй бүс нутгуудаас ирэх хүмүүс урьдын адил өөрийгөө тусгаарлан, коронавирусийн тестээр оношлуулах ёстой аж. Словакийн Ерөнхий сайд Игорь Матовичийн өгүүлснээр Их Британиас ирэх нислэгүүд хамгийн аюултай бөгөөд вирус тархах өндөр эрсдэлтэй гэнэ. 

 

Түүнчлэн, лхагва гаригаас эхлэн Словак улсад олон нийтийн газарт амны хаалт зайлшгүй зүүх шаардлагагүй болсон байна. Шөнийн клубууд нээгдэж, харин зоогийн газруудаар үйлчлүүлэх иргэдэд хоёр метрийн зай барих зөвлөмж өгчээ. 

 

Герман улс энэ сарын 15-наас эхлэн Франц, Австри, Дани, Швейцартай хиллэх хилээ нээхээр болсон талаар тус улсын Дотоод хэргийн сайд Хорст Зеехофер мэдэгдлээ. Гэхдээ эдгээр орнуудад халдварын тархалт дахин нэмэгдвэл зорчих хөдөлгөөнд тавих хязгаарлалтуудыг дахин сэргээнэ гэж тэрбээр онцолсон байна. 

 

Италичууд эрх баригчдынхаа эсрэг шүүхэд хандав 

 

Италид коронавирусийн халдварын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэр болох 50 хүн эрх баригчдаа цар тахлын үеэр буруу алхам хийсэн гэж буруутган, шүүхэд гомдол гаргажээ. Энэ нь хүмүүс хамтран зарга үүсгэсэн анхны тохиолдол юм. Гомдлыг Бергамогийн Прокурорын газарт гаргасан бөгөөд энэ хот Итали даяар хамгийн гунигт билэг тэмдэг болсон тул ийнхүү Бергаомгийн Прокурорт хандсан гэж хамтын зарга үүсгэсэн хүмүүсийн төлөөлөл болох Стефано Фуско ВВС агентлагт ярьжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Бергамо хотын прокурорууд мөрдөн шалгалтын хүрээнд Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте, эрүүл мэндийн сайд болон дотоод хэргийн сайд нараас байцаалт авахаар төлөвлөж байна. Түүнчлэн, хоёрдугаар сарын 21-ний өдөр Кодоньо хотыг "улаан бүс" гэж зарласны дараа энэ бүсээс халдвар тархсан гэдэг нь хэдийнэ ойлгомжтой болчихсон үед буюу хоёрдугаар сард нэн даруй  Нембро болон Альзано хотуудад хөл хориог тогтоогоогүйн шалтгааныг тодруулах асуудал хөндөгдөх аж. 

 

Энд дуулгахад, хоёрдугаар сарын 23 гэхэд л Нембро болон Альзано хотуудад халдварын тохиолдол олноор бүртгэгдсэн гэдэг нь тодорхой болсон байсан гэж Италийн Эрүүл мэндийн сайд Жулио Галлера хүлээн зөвшөөрч байлаа. Хэдийгээр нөхцөл байдал ийм хүнд байсан ч Италийн хойд хэсгийг нилээд хожуу буюу гуравдугаар сарын наймны өдөр л тусгаарлаж байв. Италийн төв захиргаа Ломбарди мужийн эрх баригчид арга хэмжээ авч хэрэгжүүлэхдээ удааширсан гэж буруутгадаг ч Ломбарди мужийн эрх баригчид хөл хорио тогтоохын тулд гагцхүү Холбооны засгийн газрын шийдвэр шаардлагатайг удаа дараа онцолж байлаа. 

 

Цар тахал дэгдсэнээс хойш Италид 236 мянга гаруй хүн халдвар авч, 34 мянга гаруй хүн нас барсан бол 170 мянган хүн эдгэрсэн байна. Харин дэлхий даяар халдвар авсан хүний тоо долоон саяыг давж, 404 мянга гаруй хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин