Вьетнамд 24 каратын алтаар бүрсэн зочид буудал нээгджээ

Вьетнамын нийслэл Ханой хотноо 24 каратын алтаар бүрсэн, дэлхийн анхны зочид буудал нээлтээ хийсэн талаар Vietnam Insider мэдээлжээ.
Таван одтой, 25 давхар энэ буудал хотын төвд байх жижиг нуурын эрэг дээр байрлах аж. Зочид буудлын гадна хэсгийг алтадсаны дээр зочид буудлын дотор талд танхим, тавилга, угаалгыны өрөө, тосгуурыг алтаар бүрсэн гэнэ.
Энэ буудлын өрөө хоногийн 250 ам.доллараас эхлэх бол барилгын хойд хэсгийг орон сууцны зориулалтаар зарах бөгөөд метр квадратын үнэлгээ нь 6,5 мянга орчим /монгол мөнгөөр 17 сая төгрөг/ байх аж. Мөн энэ орон сууцыг зуучлалын агентлагаар дамжуулан түр хугацаанд түрээслэх боломжтой юм байна.
Зочид буудлыг "Зүүн Өмнөд Азийн хамгийн тансаг буудал" хэмээн нэрлэжээ. Зочид буудлын эздийн өгүүлснээр гадна ханыг алтаар бүрхсэн дэлхийн цор ганц буудал хэмээн өгүүлсэн байна. Харин дотор талдаа зарим хэсгийг алтадсан буудлууд Персийн булангийн орнуудад бий. Тухайлбал, Дубайд байх алдарт Бур аль-Араб буудлын лобби болон цахилгаан шат 22 каратын алтан бүрмэлтэй бол Лас-Вегасын Трамп Интернэйшл Отель-д цонхнууд нь алтан бүрмэл хүрээтэй байдаг гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ