О.Самданпүрэв: Би дэлхийн жүжигчин болохыг хүсдэг
2020-06-16

Залуу жүжигчин О.Самданпүрэвтэй ярилцлаа. Түүнийг “37 точка” уран сайхны кинонд бүтээсэн Содном гэх геологич залуугийн дүрээр нь уншигчид мэднэ.

 

 

-Юуны өмнө сургуулиа төгссөнд баяр хүргэе. ШУТИС-ийн архитекторын ангийн оюутан гэнэтхэн л “Х ТҮЦ” продакшны бүжигчин болчихсон юм билээ. Урлагт хайртай хүүхэд байв уу?

 

-Багаасаа л урлагт дуртай хүүхэд байсан. Миний хүүхэд нас Офицеруудын ордны 67-р байрны  гадаа тоглож л өнгөрсөн дөө. Сагс, хөлбөмбөг зэрэг спортод хорхойтой хүүхэд байлаа. Мөн үзэх дуртай киноныхоо  үлгэрийн баатраар өөрийгөө төсөөлдөг хүүхэд байсан.ШУТИС-д сурдаг байхдаа урлагийн гэсэн бүх л арга хэмжээнд оролцоод гүйдэг байлаа. “Х ТҮЦ” продакшинд бүжигчин шалгаруулж авна гэдгийг нь сонсоод уухайн тас гүйгээд очсон. Хүн дуртай зүйл рүүгээ өөрийн эрхгүй тэмүүлдэг юм билээ. Анх “Х-ТҮЦ” продакшны шалгаруулалтад оролцохоор очиход тоглолтын бэлтгэлтэй байсан. Тэр тоглолтын бүжгийн хэсгээс үзүүлэхэд “Хурдан сурдаг юм байна. Тэнцлээ, авлаа”  гэсэн. Ингээд л “Х-ТҮЦ” гэх айлаар овоглох болсон доо.

 

-Ингээд л эргэлзэх юмгүй архитектор мэргэжлээ, ШУТИС-аа орхичихсон уу?

 

-Арван жилээ төгсөх үед   сонирхол, хүсэл мөрөөдөл гээд л өөрийгөө бүрэн олоогүй байсан. Удалгүй ЭЕШ болчихсон. Зурах авьяастай, зурдаг байсан болохоор ШУТИС-д орсон доо. Гэхдээ хүн дургүй зүйлдээ сэтгэл зүрхээ зориулдаггүй юм билээ. Урлаг, уран сайхны зүйл болохоор л гуяа алгадаад, хичээлээ таслаад яваад очдог байсан.  Найзууд маань хүссэн зүйлээ хийгээд явж байгааг нь хараад атаархдаг байлаа. Тэгээд л нэг өдөр шийдээд  СУИС-т суралцах хүсэлтэй байгаагаа гэрийнхэндээ хэлсэн дээ. Ингээд л өнөөдөр СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөж дипломоо гардан авлаа. Маш их баяртай байна.

 

-Гэрийнхэн нь хэрхэн хүлээж авав?

 

-Хүсэл мөрөөдлийг минь хүндэтгэсэн. Би айлын том хүүхэд.

 

-Таны хувьд МҮОНРТ-ийн “Цахлай нисэх гэж төрдөг” кинонд туслах дүр бүтээсэн юм билээ. Энэ таны дүр бүтээсэн анхны кино юу?

 

-“Цахлай нисэх гэж төрдөг” кинонд туслах дүр бүтээж байлаа. Ийм дүр байна тоглох уу гэхэд нь баярлаад л  очсон.  Өөрийн чадахаараа дүрээ бүтээх гэж хичээсэн дээ.

 

-Дараа нь “37 точка” кинонд 80-аад оны залуугийн дүрийг тун чамбай бүтээсэн санагдсан?

 

-Хамгийн сүүлд тоглосон “37-р точка” киноны  дүр маань өөрийгөө сорих  том алхам болсон.  Геологич хүний дүр байлаа. 1970-1980 оны амьдралын хэв маяг, залуучуудын тухайн үеийн байдал, тэр үеийн залуу хүний үзэл бодол, хүсэл мөрөөдлийг тун сайн илэрийлэхийг хичээсэн.

 

-Уран бүтээлч хүн бүрд бүтээхийг мөрөөддөг дүр бий. Таны хувьд?

 

-Миний хувьд, түүхэн байлдаант кинонд тоглохыг хүсдэг. Тэр тусмаа  эсрэг дүрийг бүтээхийг боддог. Тухайн эсрэг дүрээ  хэр зэрэг сайн гаргана, үзэгчид төдий чинээ үзэн ядаж, тэр хэрээр үзэгдчийн сэтгэлд хоногшиж үлдэнэ шүү дээ. Миний хувьд одоогоор зургаан кинонд гол дүр бүтээсэн. Гурван кино нь  коронавирус, цаг үеийн асуудлаас  үүдэн одоогоор нээлтээ хийгээгүй байна.  

 

-Кинонд тоглох хэцүү л гэдэг. Зургийн талбай дээрээс шантраад буцмаар санагдах үе байх юм уу?

 

-Ядарч, шантрах үе зөндөө байсан. Тэр болгондоо энэ мэргэжлийг сонгохын тулд  ямар их золиос  гаргаж,  ямар замыг туулсан  билээ гэж боддог. “Чи бол болоогүй, чи хэн ч биш байгаа,  дөнгөж энэ зүйлийг эхэлж байна шүү  дээ” гэж өөртөө хэлж улам бүр хичээдэг. Миний хувьд бүх юм одоо л эхэлж байна. Урдахаа харж, хичээж явахыг хүсдэг.  

 

 

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

 

-“Зориг” гээд бүрэн хэмжээний уран сайхны кинон дээр ажиллаа. Хэдхэн хоногийн дараа кино маань нээлтээ хийх гээд  бэлтгэл ажилтай завгүй явж байна.

 

-Киноны хөндсөн сэдэв, таны бүтээсэн дүр хэн байх бол?

 

-Кино маань социалист нийгмээс  ардчилсан нийгэм рүү шилжиж байх үеийн залуучуудын алдаа оноо, амьдралаа босгох гэж зүтгэж яваа тэмцэл, нийгмийн шилжилтээс болж хүний амьдралд ямар том өөрчлөлт гарч байгааг нийгмээр нь харуулахыг зорьсон. Бидний ээж аав  нийгэм солигдох үед  амьдралд хөлөө олох гэж яаж зүтгэж байсан талаар маш том түүхийг өгүүлэх кино.

 

-Цаашдын төлөвлөсөн ажил, зорилгоосоо хуваалцаач?

 

-Өөрийгөө улам бүр хөгжүүлэхийг хүсэж байна. Маш том мөрөөдөл байгаа.  Монголынхоо нэрийг гаргасан дэлхийн жүжигчин болохыг хүсдэг. Ярилцлагыг маань уншиж байгаа залууст өөрөө өөрийгөө олж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцээрэй гэж хэлмээр байна.

 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
зочин:
сайн байна иймд том мөрөөдөлтэй байна гэдэг, иймд англи хэл "ус цас" байх хэрэгтэй бас мэдээж ёс зүй
2020-08-06
http://www.shuud.mn/a/521031
2020-07-22
ninj:
zov tom moroodoltei baih heregtei , zaluu mini uragshaa
2020-07-02
elle:
Ярилцлага уншаад бодогдсон зүйл гэвэл одоо байгаа ажлаасаа гарах хэрэгтэйгээ ойлголоо.Нэг хүнд нөлөөлж байна аа гэдэг сэтгүүл талаасаа уран бүтээлч талаасаа уншигч талаас ч бүх талдаа үр дүнгээ өгөхшиг
2020-06-29
Soliorch bn
2020-06-16