Владимир Путин: Орос цар тахлаас хохирол багатай гарч байна

Оросын Холбооны Улс коронавирусийн цар тахлаас итгэл төгс гарч байгаа талаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Энэ талаар РИА Новости агентлаг мэдээлсэн байна.
Оросын тэргүүний өгүүлснээр цар тахлаас ОХУ хохирол багатайгаар гарч байгаа гэнэ. "Бурханы авралаар цаашид ч ийм байгаасай" хэмээн Путин өгүүлжээ.
Зургадугаар сарын 15-нд Орос улсад 84 бүс нутагт халдварын 8835 тохиолдол илэрсэн байна. Мөн нэг хоногт 119 хүн нас барж, 5409 хүн бүрэн эдгэрчээ. Ингэснээр Орост тахал дэгдсэнээс хойш нийт халдварын тохиолдол 528 мянга давсан байна.
Тус улсын 85 бүс нутагт халдвар тархсанаас хамгийн өндөр үзүүлэлт нийслэл Москва хотод нь бүртгэгдсэн юм. Улмаар гуравдугаар сарын дунд үеэс эхлэн хөл хорио тогтоосон Москва хотод сүүлийн үед нөхцөл байдал сайжирсаны улмаас хязгаарлалтын арга хэмжээнүүдийг энэ сараас эхлэн аажмаар цуцалж эхэлсэн. Москвачууд цахим кодоор гадагш гардаг байсан бол энэ журмыг зургадугаар сарын еснөөс эхлэн цуцалж, иргэд чөлөөтэй зорчих, зугаалах боломжтой болсон бөгөөд гагцхүү олон нийтийн газарт амны хаалт болон бээлий ашиглах журам хэвээр үйлчилж байгаа юм.
Эргэн сануулахад, гуравдугаар сарын тавны өдөр Москва хотод өндөржүүлсэн бэлэн байдлын горим тогтоосон талаар хотын дарга Сергей Собянин зарлаж байлаа. Эхний ээлжинд коронавирусийн тархалт өндөртэй гадаадын улс орнуудаас ирсэн иргэд гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах журамтай байсан бол гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн москвачуудыг гэрээс гарахыг хориглосон бөгөөд гагцхүү ажилдаа явах, дэлгүүр орох, эмчид үзүүлэх, нохойгоо салхилуулах, эсвэл хогоо гаргаж хаях зорилгоор гэрээс гарахыг зөвшөөрч байв.
Харин тавдугаар сарын 27-ны өдөр Собянин зарлиг гаргаж, зургадугаар сарын нэгний өдрөөс эхлэн хотын оршин суугчид цахим зөвшөөрлийн үнэмлэхгүйгээр гадаа амны хаалттайгаар зугаалахыг зөвшөөрсөн. Гэхдээ хотын оршин суугчид долоо хоногт гурван удаа 09.00-21.00 цагийн хооронд гарахыг зөвшөөрч байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ