Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч, 316 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.17/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. 8 сая 241 мянган хүн халдвар авч, 444 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 132 мянгаар, нас баралт 6 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
Манай улсад ажиглалтанд 18 хүн шинээр орж, 174 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжлээ. Тусгаарлах байранд архаг хууч өвчтэй 80 иргэн байгаа. Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 4532 зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. 119 дугаарын утсанд 143 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 3 дуудлага ирсэн.
ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 8248 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын батлагдсан тохиолдол 545 мянга болж, 7284 хүн нас барсан байна. АНУ-д 18500 гаруй шинэ тохиолдол, 496 нас баралт нэмж бүртгэгджээ. Харин Бразил улсад 34900 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж, тус улсын нийт батлагдсан тохиолдол 923100 гаруйд хүрээд байна. Харин нийт нас баралт 45200 болжээ.
БНСУ-д 43 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгджээ. БНХАУ-д 44 шинэ тохиолдол нэмж бүртгэгдэн бол 11 гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол, 33 дотоодын халдвар байна. Япон улсад 72 халдварын шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгджээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн хоёр лабораторид нийт 316 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Үүнийг задалж хэлбэл:
Ажиглах байранд тусгаарлагдаж байсан 267 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 23 хүний шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан дөрвөн хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 22 авто тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Сайн мэдээ хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр эдгэрсэн иргэдийн нэг нь 19 настай Батлан хамгаалахын сургуулийн оюутан, 33 хоног эмчлэгдээд гарч байгаа бол нөгөө иргэн нь 15 настай сурагч 31 хоног эмчилгээ хийлгэж эдгэрсэн байна.
Манай нийт батлагдсан тохиолдол 197 эдгэрсэн тохиолдол 111 боллоо. Харин эмчилгээнд 86 хүн байна. биеийн байдал хөнгөн 78, хүндэвтэр 8 иргэн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 129 иргэн байгаа.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ