Ц.Чогзол: Гэрийн ажиглалтад байгаа иргэд “унтаж байхад залгалаа” гэж бухимддаг

Дэлхий дахинд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд манай улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлээ үргэлжлүүлж байгаа. Мөн гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн нислэгээр татан авсаар байна. Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд эмнэлэг болон сувилалд 21 хоног тусгаарлалтад байсны дараа гэрийн ажиглалтад 14 хоног байх журамтай. Тэгвэл гэрийн ажиглалт, тусгаарлалтын талаар Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн халдвар судлаач Ц.Чогзолтой ярилцлаа.
-Баянзүрх дүүргийн хэмжээнд гэрийн ажиглалтад хэдэн иргэн байна вэ?
-Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд эмнэлэг болон сувилалд 21 хоног тусгаарлалтад байсны дараа гэрийн ажиглалтад 14 хоног байх журам гуравдугаар сарын 24-нээс эхэлсэн. Энэ хугацаанд манай дүүргийн хэмжээнд 1000 гаруй иргэн гэрийн ажиглалтад шилжсэн байна.
-Гэрийн ажиглалтад шилжихээс өмнө хаягийн мэдээллийг баталгаажуулдаг уу?
-Дүүргийн халдвар судлаач нарт тухайн иргэнийг ажиглах байрнаас гарахаас 24 цагийн өмнө гэрийн ажиглалтад шилжих хаяг байршлын мэдээлэл нь УОК-оос ирдэг. Бид тухайн хүнийг эхний мэдээллэсэн хаяг дээрээ гарах эсэхийг нь нягталж, өрхийн эрүүл мэндийн төвд шилжүүлнэ. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч тухайн иргэнийг гэрийн ажиглалтад шилжих үед үзлэг хийж, гэрийн ажиглалтын журмыг танилцуулж, халуурах, бие эвгүйцэх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд залгаж мэдэгдэх зөвлөмжийг өгч, гэрийн ажиглалтын зөвлөмжийг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн заалт бүхий зөвлөмж баталгааны маягтыг танилцуулан баталгаажуулдаг.
-Гэрийн ажиглалтад байгаа иргэд ямар ямар зөрчил гаргаж байна вэ?
-Утсаа авахгүй, эсвэл утсаа гэртээ үлдээчихээд гараад явчихна, хаягаа солих, залгахаар утсыг өөр хүн авах, унтаж байхад залгалаа гэж бухимдах гэх зэрэг зөрчлүүд гарч байна. Гэхдээ бид өдөр бүр хариуцаж байгаа хэсгийнхээ хүнтэй ярьдаг болохоор хэзээний танилууд шиг хоолойг нь таньдаг болчихсон. Гэтэл ээж, аав гэрийнхэн нь утсыг нь авах тохиолдолд мэдээллийг нь тодруулахад л тухайн иргэн мөн биш нь мэдэгддэг. Өглөө тогтсон цагтаа өөрөө зурвас бичиж, залгаж мэдээллээ өгдөг хариуцлагатай хүмүүс ч байна.
Бидний утас үргэлж нээлттэй байдаг. Өглөө, орой, өдөр, шөнө хамаарахгүй нэг минут , секунд ч утсаа унтрааж болохгүй. Гэрийн ажиглалтад байгаа хүн залгасан тохиолдолд тусламж үзүүлэх үүрэгтэй. Хүний эрүүл мэнд амь нас хамгийн чухал нь шүү дээ. Олон хоног тусгаарлах байранд байсан, санхүүгийн асуудал, эсвэл гэр бүлийнхэнтэйгээ ойлголцохгүй байх зэрэг олон шалтгаанаар иргэд маань бухимддаг. Эдгээр асуудлуудаасаа болоод журмаа зөрчөөд гараад явна. Бид тухайн иргэнийг хаана байгааг нь тодруулж олоод, бодит байдлыг нь ойлгуулах сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авдаг.
-Журмыг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
-Зөрчлийн хуулийн дагуу торгох болон бусад хариуцлагыг холбогдох байгууллагаас тооцдог.
-Орон нутгийн иргэд тусгаарлах байрнаас гарч, гэрийн ажиглалтад шилжүүлэхэд ямар зохицуулалт хийдэг вэ?
-Бүхий л эрүүл мэндийн нэгжүүд хоорондоо холбоотой ажилладаг. Орон нутгийн хаягтай, орон нутаг руу явах иргэнийг тухайн харьяалагдах аймаг, сум, багийн эмчтэй нь холбогдож хүлээлгэж өгнө. Тусгаарлах байрнаас гараад гэртээ очиж, харьяалагдах эмнэлгийн ажиглалтад шилжих хүртэл нь холбоотой байх ёстой. Тухайн иргэн хөдөө орон нутаг руу явахдаа ямар унаагаар явах, хэдэн цагт очих, замдаа сүлжээгүй бол сүлжээтэй газар очоод холбогдож мэдээлэл өгөх зэрэг маш нягт мэдээлэлтэй ажилладаг.
-Иргэдийн биеийн байдлыг яаж хянадаг вэ?
-Гэрийн ажиглалтанд байгаа хүмүүс рүү өдөрт 2 удаа залгаж халуурсан эсэх, биеийн байдлыг нь асууж зөвлөгөө, мэдээлэл өгдөг. Тухайн иргэний биед зовиур илэрсэн, бусад эрүүл мэндийн асуудал гарсан тохиолдолд бид очиж шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.
-Ажиглалтын хугацаа дуусахаар ажиглалт дууссаныг нотлох баримт гаргаж өгдөг үү?
-Гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаа дууссаны дараа өрхийн эмнэлгээсээ “Гэрийн ажиглалтад байсан нь үнэн болно” гэсэн бичиг аваад гадуур гарах, ажилдаа явах бүрэн боломжтой болно.
-Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед ажлын цагийн зохицуулалт ямар байна вэ?
-Дүүргийн Тамгын газрын дэргэд “Шуурхай штаб” анх сайжруулсан түлштэй холбоотой асуудлыг шийдэх чиглэлээр онцгой, мэргэжлийн хяналт гээд холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд хоёрдугаар сараас эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд үргэлжлээд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр дөрөвдүгээр сараас ЭМТ-ийн мэргэжилтнүүд 24/48 цагаар ээлжлэн жижүүрлэн ажиллаж байна.
-Баянзүрх дүүргийн 28 хороонд хэдэн халдвар судлаач ажиллаж байна вэ?
-Дүүргийн хэмжээнд таван халдвар судлаачид хороонуудаа хуваарилан ажиллаж байна.
-Гэрийн ажиглалтад шилжсэн иргэний гэр бүлийнхэн ямар журам сахих ёстой вэ?
-Тухайн гэрийн ажиглалтад гарсан хүн маань өөрийгөө тусгаарлах, аяга тавгаа тусдаа байлгах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, хамгийн гол нь бухимдахгүй байх хэрэгтэй. Харин гэр бүлийнхэн нь гэрийн ажиглалтанд байгаа хүнийг тайван байлгах, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах, тухайн хүнтэй аль болох ойртохгүй байх үүрэгтэй.
-Ажиглалтад байгаа хүмүүст зөвлөгөө өгөхгүй юу?
-Та бүхэн минь сэтгэл санаагаа тайван байлгаж, ном унших, суралцаж өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарч, эерэг сайхан зүйл бодож цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь хайртай хүмүүсийнхээ төлөө, өөрийнхөө төлөө ажиглалтын журмаа сахих нь чухал. Мөн тусгаарлах байрнаас гарах хаягаа үнэн зөв өгөх хэрэгтэй.
-Баярлалаа. Амжилт хүсье.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ