Өсвөр үеийнхний ДАШТ-ийг цуцалжээ
2020-06-22 09:32

 

Дэлхий дахинд тархаад буй “covid-19” цар тахалтай энэ үед Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны товчооны гишүүд хуралдаж 2020, 2021 оны тэмцээний хуваарийг шинэчлэн баталлаа.

 

Ингэснээр өсвөр үе, 23 хүртэлх насны тивийн аваргын тэмцээнийг есдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 31-нд хооронд зохион байгуулна. 15 хүртэлх нас болон өсвөр үеийн ДАШТ-ийг цуцалжээ. Харин залуучуудын ДАШТ-ийг арваннэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сарын эхээр Белградад, 23 хүртэлх насны ДАШТ-ийг арваннэгдүгээр сард Тамперед зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грект болох ёстой байсан ч 2021 он хүртэл хойшлуулав. UWW-ноос ирэх жилийн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн чансааны оноо олгох болон бусад тэмцээний хуваарийг наймдугаар сарын сүүлчээр дахин хэлэлцэж батална. Сонирхуулахад, насанд хүрэгчдийн ДАШТ-ийг 2021 оны аравдугаар сарын 2-10-нд Норвегийн нийслэл Ослод хүлээн авахаар болсныг өмнө нь зарласан билээ.

Б.Бат

Shuud.mn
Сонин хачин