COVID-19: Хоёр дахь давалгаа гэж юу болох, түүнээс сэргийлэх боломжтой юу?
2020-06-23

Коронавирусийн цар тахлын төгсгөл хараахан харагдахгүй байна. Өнөө хэр нь өвчлөлийн тоо өндөр байгаа орон олон бол нөхцөл байдлыг хяналтандаа авч чадсан орнууд тахлын хоёр дахь давалгаа гарч ирэхээс болгоомжилж байгаа юм. Энэ нь ч ойлгомжтой, учир нь нэгэн зууны тэртээ "Испани ханиад" цар тахлын хоёр дахь шат эхнийхээсээ илүү олон хүний амь насыг авч одсон түүхтэй. Коронавирусийн цар тахлын хоёр дахь давалгаа үүсэх боломжтой гэж Британийн хэд хэдэн их сургуулийн вирус судлаачид үзэж байгаа юм. Харин энэ нь хэр аюултай талаар ВВС мэдээлжээ. 

 

Хоёр дахь давалгаа гэж юу вэ? 

Халдвар авсан хүний тоо өсч, дараа нь буурна, ийм мөчлөгийг "коронавирусийн давалгаа" хэмээн нэрлэж байгаа юм.  Английн Уорикийн их сургуулийн халдварт өвчний математик загварчлалын мэргэжилтэн Майк Тилдеслигийн өгүүлснээр цар тахлын давалгааг шинжлэх ухаанчаар нэгдсэн байдлаар тодорхойлоогүй, эрдэмтэд өөр өөрсдийнхөөрөө давалгаа гэсэн ойлголтыг тайлбарлаж байгаа гэнэ.

 

Зарим мэргэжилтэн өвчлөлийн тооны бүхий л өсөлт бууралтыг давалгаа гэж үзэж байгаа бол үнэндээ энэ нь ихэвчлэн эхний давалгааны шугмын тэгш бус байдлыг илэрхийлсэн байх бөгөөд энэ нь АНУ-ын хэд хэдэн мужид ажиглагдаж байгаа аж.

 

Британийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нөхцөл байдлыг хяналтандаа оруулж, халдварын шинэ тохиолдлууд ихээр буурсан нөхцөлд давалгаа дууссан гэж зарлаж болох гэнэ. Харин шинэ тохиолдлууд тогтвортой өсч байгаа нь ажиглагдвал хоёр дахь давалгаа үүслээ гэж үзэж болох аж. Халдварын тохиолдол 24 хоногийн дараа илэрсэн Шинэ Зеланд , 50 өдрийн туршид коронавирус илрээгүй Бээжин хот энэ тодорхойлолтод хамаарахгүй гэнэ. Харин Иранд хоёр дахь давалгаа ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд онцолжээ. 

 

 

Хоёр дахь давалгааг үүсгэх боломжит хүчин зүйлс

Хөл хорионы арга хэмжээг хэт ихээр сулруулах нь хоёр дахь давалгааг үүсгэх хүчин зүйл болно гэж эрдэмтэд анхааруулжээ. Хатуу хөл хорио дэлхий даяар ажлын байрыг устгаж, хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлөн, боловсролын явцыг саатуулж, хүмүүсийн амьдралд ноцтой өөрчлөлт оруулсан. Гэхдээ эдгээр арга хэмжээ нь вирусийг хяналтанд оруулахад тус болсон гэдгийг судлаачид онцолж байгаа юм. 

 

Тиймээс олон оронд хязгаарлалтын арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ амны хаалт зүүх, халдвартай хүмүүсийн хавьтлыг хянах зэрэг хяналтын шинэ арга хэмжээнүүдийг нэвтрүүлж байгаа. 

 

Харин хөл хориог ихээр цуцалсан, тухайлбал Германд хөл хорио цуцалсны дараа мал нядалгааны газрын 650 ажилчин коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон юм. Ийм нөхцөлд эрх баригчид халдварын голомтыг хязгаарлаж, орон нутгийн түвшинд хөл хорио тогтоон, вирусийг цааш тархах боломжийг хязгаарлаж чадвал асуудал үүсэхгүй, харин ийм арга хэмжээг нэн шуурхай авч хэрэгжүүлж чадахгүй бол хоёр дахь давалгаа үүсч мэднэ гэж Британийн вирус судлаачид онцолжээ. 

 

Мөн коронавирусийн дэгдэлттэй үр дүнтэй тэмцэж чадсан хэмээн дэлхий даяар магтаж байсан Өмнөд Солонгос гэхэд л дээрхтэй адил халдварын дэгдэлт гарсны улмаас дахин хязгаарлалтын арга хэмжээнүүдийг нэвтрүүлэх шаардлагатай болсон юм. 

 

Хоёр дахь давалгаа эхнийхтэй адил байх уу?

 

Цар тахал эхлэх үед халдвартай нэг хүн дунджаар гурван хүнд халдвар тарааж байсан бөгөөд энэ нь вирус хурдацтай тархаж байсан гэсэн үг юм. Гэхдээ дэлхий даяар цар тахал дэгдсэнээс үүдэн хүмүүсийн зан байдал өөрчлөгдөж, хүмүүс хоорондын зай барих, амны хаалт зүүх хэвшилтэй болсон тул халдвартай хүн бусдад халдварлуулах дундаж тоо эрс өсөхгүй байх гэж вирус судлаачид таамаглаж байгаа аж. 

 

Нөгөө талаас маш олон хүн халдвар авах эрсдэл дунд үлдэх тул хоёр дахь давалгаа эхнийхээс илүү өргөн цар хүрээтэй байж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулжээ.

 

Хоёр дахь давалгаа хэзээ эхлэх вэ? 

 

Лондонгийн эрүүл ахуй, анагаах ухааны сургуулийн вирус судлаач Адам Кучарскигийн үзэж байгаагаар хөл хорионы арга хэмжээг сулруулснаас хэдхэн долоо хоног эсвэл сарын дараа л орон нутагт халдварын дэгдэлт гарах гэнэ. Гэлээ гээд энэ нь хоёр дахь давалгаа гарна гэсэн үг биш гэж вирус судлаач онцолжээ.

 

Харин вирус судлаач Майк Тилдеслигийн онцолсноор хязгаарлалтын арга хэмжээнүүдийг ихээр сулруулвал хоёр дахь давалгаа наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр эхэлж болзошгүй гэнэ. 

 

Мөн коронавирусүүд ихэвчлэн жилийн хүйтэн улиралд илүү хурдацтай тархдаг тул өвөл нэн хүнд байж болзошгүй, өвлийн улиралд багахан дэгдэлт гарсан ч энэ нь хоёр дахь давалгаа үүсэх шалтгаан болж болзошгүйг вирус судлаачид онцолжээ. 

 

"Хаврын улирал бидэнд үнэхээр их тусалсан. Гэхдээ бидний өмнө хүйтний улирал хүлээж байгаа, хоёр дахь давалгаа гарах нь бараг л зайлшгүй" хэмээн Ноттингемийн их сургуулийн вирус судлаач Жонатан Болл өгүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин