Э.Дашням: Зарим бүсгүйн зурваст хариу өгч амжихгүй л байна
2020-06-25

 

 

Оюуныг тэтгэж, жаргал бэлэглэнэ уриатай “Монгол” телевизийн зохион байгуулж буй “The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын шилдэг оролцогч Э.Дашнямтай ярилцлаа.

 

-Ярилцлагаа таны хүүхэд насны дурсамжаас эхэлье. Бага насаа хаана өнгөрүүлсэн бэ?

 

-Миний бага нас өвөө эмээгийндээ  хонь хурганд яваад л бужигнаж өссөн. Төв аймгийн Алтанбулаг сумаар нутагладаг айл байлаа.

 

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

 

-Манайх эгэл жирийн малчин айл. Одоогоор Төв аймгийн Баянхангай, Баян сумын голд оторлож яваа. Гурав хоногийн өмнө гэртээ хариад, хоноод  ирлээ.  Эхээс хоёулаа. Дүү маань сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа.

 

-Зарим хүүхдүүд багаасаа л дуулж, бүжиглэж олон тэмцээн уралдаанд оролцдог. Багадаа дууны  тэмцээн уралдаанд оролцож  байсан уу?

 

-Хүүхдүүд их олон тэмцээн уралдаанд оролцдог. Миний хувьд  олон орж байгаагүй ээ. /инээв/

 

-Та Монгол Улсын төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, алдарт хөгжмийн зохиолч, Билэгийн Дамдинсүрэнгийн зээ хүү. Урлагт дуртай болоход удам нөлөөлсөн үү?

 

-Тийм шүү. Өвөөгөөрөө маш их бахархдаг. Өвөөгийнхөө нэр хүндийг өргөж явна гэдэг бол маш том үүрэг  хариуцлага. Хичээж явна даа.

 

 

Хоёр шүүгчийн удирдлагад бэлтгэгдсэн азтай хүн

 

 

-Шоунд оролцох шийдвэрийг хэрхэн гаргасан бэ? Найз нөхөд нь зөвлөсөн үү?

 

-Нэгдүгээр улирлын дугаарыг үзээд л оролцъё гэж бодсон.  Ардын урлагаа олон түмэнд, ялангуяа залуусдаа сурталчилъя, нөгөөтэйгүүр цар тахал, түгшүүртэй байгаа энэ цагт монгол түмнээ баясгаж, амар амгалан аз жаргалыг  сайхан дуугаараа бэлэглэе гэж бодсон.  Тиймээс өөрийгөө сориод үзье гэж шийдсэн.

 

-“Blind Audition” шатанд Хурд хамтлагийн  “Бүсгүй” дууг дуулж, цаг дуусах мөчид Д.Отгонбаяр шүүгч эргэж харсан. Тухайн үеийн мэдрэмжээ нэхэн нэг  санавал?

 

-Аливаа зүйлийн эхлэл  маш үнэ цэнэтэй.  Маш их баярласан.  Дуулж байхад эргэж харах болов уу, яах бол гэсэн хүлээлт байдаг юм билээ.  “Бүсгүй” дууг өөрийнхөө хэв маягаар, бүсгүйчүүддээ зориулж дуулсан. Д.Отгонбаяр шүүгчдээ маш их баярлаж явдаг. Хэрвээ Д.Отгонбаяр шүүгч эргэж хараагүй байсан бол аялал маань дуусах байлаа.

 

 -The Battle шатанд  Ука шүүгчийг шүүрч авна гэж бодож байсан уу?

 

-Ука шүүгч бол  орчин цагийн стиль имижийг тодорхойлж байгаа, цоглог, эрч хүчтэй дайчин эмэгтэй. Энэ шоунд оролцож байгаа нь хүний амьдралд ховор тохиох боломж шүү дээ. Энэ боломжийг харамсалтайгаар алдахыг хүсээгүй.” Шүүрээд аваасай”  л гэж боддог юм билээ. Шоуныхаа  тайзан дээрээс  олон сайхан дуунуудыг   дуулж монголын үзэгч олондоо  хүргэх юмсан гэж хүссэн. Ука шүүгчийг шүүрч авахад их баярласан.  

 

-Дууны сонголтоо хэрхэн хийж байсан бэ?

 

-Дасгалжуулагчтайгаа мөн телевизийн баг хамт олноороо ярилцаж байгаад шийддэг.

 

-Шоуны  үед олон цагийн бэлтгэл сургуулилт хийхээр  шантрах үе гарах уу?

 

-Хүн дуртай зүйлээ хийж байхдаа ядрах, цуцах мэдрэмж төрдөггүй  юм билээ. Өөрт байгаа бүхий л боломж, бололцоогоо дайчилж, өмнөх шатнаасаа ахисан түвшинд үзүүлбэрээ  үзүүлэхийг хичээж, жаргалтайгаар бэлтгэл сургуулилтаа хийж байсан.

 

-Д.Отгонбаяр, Ука хоёр шүүгчийн  багт байсан.  Дасгалжуулагчид  хэрхэн зааж зөвлөж байв?

 

-Би хоёр шүүгчийн удирдлагад бэлтгэгдсэн азтай хүн. Дуулалт, тайзан дээр хэрхэн биеэ авч явах, камертайгаа яаж харьцах гээд л  маш олон зүйлийг сурч мэдсэн. Хоёр дасгалжуулагчдаа маш их баярлалаа.

 

-Хөл хорионы энэ үед дэлхийн хэмжээний шоу зохион байгуулагдлаа. Тэмцээний үед оролцогч бүр тус тусдаа микрофон, чихэвчтэй байсан гэсэн. Халдвар хамгаалалт хэр байсан бэ?

 

-Улсын онцгой комиссоос чиглэл өгсөн. Оролцогчид өглөө бүр  халуунаа үзүүлж, гараа ариутгаж, халдвар хамгааллыг маш сайн сахидаг байсан. Оролцогч бүр өөр өөрийн микрофон, чихэвч, нүүр будгийн хэрэгсэлтэй. “Монгол HD” телевиз өндөр зохион байгуулалттайгаар хүн хоорондын зайг баримталж, бүхий л заавар зөвлөгөөг мөрдөж, ачаалалтай ажилласан. Телевизийн хамт олон өглөө тав, зургаан цагт ажилдаа ирээд шөнийн нэг, хоёр цагт тардаг. Гэсэн ч хэнээс нь ч ядар ч байна гэсэн үгийг сонсож байгаагүй. Багаар ажиллахыг “Монгол HD” телевизийн хамт олноос үлгэрлэж суралцсан.  Энэ дашрамд телевизийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна.

 

-Коронавирус, цаг үеийн байдлаас үүдэн танхимын  үзэгчгүй, онлайн үзэгчтэй  үзүүлбэрээ үзүүлэхэд ямар мэдрэмж төрж байсан бэ?

 

-Надад маш том сургууль болсон. Яагаад гэвэл дуучин хүн нэг хүний өмнө дуулах, мянган хүний өмнө дуулах хоёр яг адилхан байх ёстойг ойлгож авсан. Нөгөө талаас дэлгэцийн урлагт орж байгаа хүн камертайгаа харьцаж дуулах ямар чухал гэдгийг ойлгосон. Цэнхэр дэлгэцээрээ үзэж суугаа хүмүүст дуугаа хүргэх нь ямар чухал гэдгийг сурч мэдэж авлаа.

 

-Ард түмний дуучин гэх болжээ. Шууд тоглолтууд дээр гурван ч удаа үзэгчдийн саналаар  гарч ирсэн. Тухайн үеийн мэдрэмжээ нэхэн нэг санавал?

 

-Дууг минь жаргаж сонсдог ард түмнийхээ хайр, хүндэтгэлээр энэ тайзан дээр дуулах эрхийг авсан даа маш их баяртай байсан. Эрэгтэй хүн чинь баярлаж байгаагаа орилж, дэвхцэж илэрхийлэх биш, нулимс унагааж л баярласан даа. /инээв/

 

-The Semi Final, The Final  шатуудад гадаад дуу дуулсан нь  нилээдгүй шүүмж дагууллаа. Шүүмжийг хэрхэн хүлээж авдаг вэ?

 

-Шүүмжийг  эерэгээр хүлээж авдаг. Надад алдаа дутагдал байгаа учраас л хүмүүс шүүмжилж байгаа. Тэр бүхнийг хүлээж авч, алдаагаа засаж өөрчлөгдөхийг хүсдэг. Өмнө нь гадаад дуу дуулж байгаагүй болохоор хүндрэлтэй байсан. Гэхдээ олон түмнийхээ итгэлийг алдахгүйн тулд хичээсэн.

 

-Англи хэл суръя гэсэн бодол байна уу?

 

-Мэдээж. Дэлхийн нийтийн хэл учраас сурахгүй бол болохгүй. Хэлтэй бол хөлтэй гэдэг шүү дээ. Англи хэл сурна аа.  /инээв/

 

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?

 

-Шоунд оролцож байгаа бүх л залуучууд мундаг. Энэ шоунд оролцож байгаа залуус бие биетэйгээ өрсөлдөх гэж ордоггүй. Өөрийнхөө түүхийг жаргалтайгаар  бүтээж, сайхан уран бүтээлийг хүргэхийг зорьдог. Бид бие биетэйгээ ах дүүс, найз нөхдийн холбоотой болцгоосон.

 

-Финалын шатанд үзүүлбэрээ үзүүлэхийн өмнө  Ука шүүгч юу гэж захиж байсан бэ?

 

-Тайзан дээрээ жаргаж дуулаарай. Хамгийн сайхан аз жаргалыг үзэгчдэд мэдрүүлж, аз жаргалыг бүтээ,  өөрийнхөө амьдралын түүхээ аз жаргалтайгаар бий болго гэж хэлсэн.  

 

 

Эхнэртэй болоод аз жаргалтай амьдарна

 

 

-Найзын хүсэлт, ялангуяа эмэгтэйчүүдээс их ирж байгаа гэсэн үү?

 

-Маш олон найзын хүсэлт ирж байгаа.  Өмнө нь фейсбүүкийн цөөхөн найз, дагагчтай байлаа. Одоо 24 мянга гаруй дагагчтай болсон. /инээв/  Маш олон хүмүүсээс урмын үгтэй мэссэж ирсэн. Маш их талархаж байна.

 

-Бүсгүйчүүдийн зурваст  хариу өгч байгаа юу?

 

-Бичнэ,  бичнэ. Гэхдээ зарим  бүсгүйн зурваст  хариу өгч амжихгүй л явж байна /инээв/

 

-Гэр бүл төлөвлөлт их чухал болж. Таны хувьд ?

 

-Хосоороо амьдардаг хорвоо учраас эхнэртэй болоод аз жаргалтай сайхан амьдарна аа /инээв/

 

-Уртын дуучин болоогүй байсан бол өөр ямар мэргэжил сонгох байсан бэ?

 

-Багаасаа хурдан морь унаж өссөн. Хээр хөдөө адуу, малдаа явж байхдаа сайхан уртын дуугаа аялж явдаг. Хурдан морины нуруун дээр гийнгоолж явах ч сайхан шүү. Урлагийн салбарт ээж, аав, гэр бүл маань их дуртай. Хүн мэргэжлээ сонгоход орчин их нөлөөлдөг  байх.  Өссөн орчин, хүсэл мөрөөдөл минь  урлагийн ертөнц рүү эргэлт буцалтгүй оруулсан.

 

-Хэд хэдэн уран бүтээл гаргаж байсан юм билээ. БНСУ-д  ажиллаж олсон мөнгөөрөө дуугаа дүрсжүүлж  байсан гэв үү?

 

-Хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж 2017 онд хүний нутгийг зорьсон.  БНСУ-д гурван сар ажиллаж олсон мөнгөөрөө  “Туурайн чимээтэй монгол” дуугаа   хийж байлаа. Уран бүтээлч хүний мөнхийн хүсэл бол сайхан уран бүтээл хийж, сонсогч олноо уярааж,  баярлуулах юм даа.  Дууг минь жаргаж сонсож байгаа хүмүүсийг  харах сайхан  шүү дээ.

 

-Шинэ гарах уран бүтээл нь сонсогчдод хүлээлт үүсгээд байна.  Шинэ уран бүтээл хэзээ гарах вэ?

 

-Олон олон уран бүтээлүүд яригдаж байна. Д.Отгонбаяр, Ука  шүүгч нартай  хамтарч уран бүтээл гаргахаар ярилцаж байгаа.  Ардын сайхан  дуунуудыг орчин үеийн хэв маягтай хослуулан хүргэхээр зорьж байна.

 

Мөн дэлхийн хэмжээний шоуг чанарын өндөр түвшинд зохион байгуулж байгаа “Монгол HD” телевизийн хамт олонд маш их баярлалаа. Д.Отгонбаяр шүүгч, Ука шүүгчдээ маш их баярлалаа. Хамгаас хайрт аав, ээждээ, өргөн дэмжиж байсан үзэгч олондоо талархлаа. Тусалж дэмжиж байсан бүхий л хүмүүсийн нэрийг дурьдаж дуусахгүй байх. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй олон сайхан уран бүтээлийг хүргэн болно.

 

-Баярлалаа. Амжилт хүсье.

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Шүүгч нараасаа авахыг нь авч гээхийг нь гээх ёстой шүү.Баярлаж хөөрөхөөрөө "алцганах"гэж яридаг хүний хэл ярианд автаж өөрийнхөө эгэл сайхан төрхөө битгий эвдээрэй...
2020-07-12
Хэн ч биш, ядуу хоолой чи урлагт тэнцэхгүй.
2020-07-07
shaal:
Javhlangiin uruusun gutalnuud bhaa, ene zohioliin duuchid yduu setgelgetei, Yana daa.
2020-06-28
Зочин:
Voice бол Авъяаслаг монголчууд нэвтрүүлгээс арай өөр жанрын нэвтрүүлэг. Энэ залуу Авъяаслаг монголчууд нэвтрүүлэгт ороход стиль жанр нь яг тохирно.
2020-06-26
Zugeer l engiin saihan baigaagaaraa l yariltsana biz dee iy ch surhii uran saihanii haliltai yairdag iym bdee. Jargaj sonsono gej yag yaadgiin.
2020-06-25