Д.Нямхүү: АНУ-аас ирсэн нэг иргэнээс халдвар илэрч, нэг иргэн эдгэрлээ
2020-06-25

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ. Хэвлэлийн хуралд  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа,  ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар оролцож албан ёсны мэдээлэл өгөв.

 

 

Дэлхийн 216 оронд COVID-19 халдвар бүртгэгдэж нийт 9 сая 510 мянган хүн өвчилж 470 гаруй мянган хүн амь насаа алдаад байна. Вирусийн тархалтыг амжилттай тогтоосон улс оронд халдвар дахин гарч байна.Иймд  ДЭМБ-ын ерөнхий захирал улс орнууд амь нас, амжиргаа хоёрын аль нэгийг нь сонгох биш аль альныг нь хийх боломжтой гэж онцлоод хүн амын аюулгүй байдлыг хангахын хажуугаар ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэх шинэлэг шийдэл олохыг улс, орнуудын засгийн газруудад уриалжээ. 

 

Дэлхийн хэмжээнд АНУ халдварын тоогоор тэргүүлж нийт 2 сая 336 мянган хүн өвчилж, 121100 гаруй хүн эндсэн байна. Бразил улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 42700 шинэ тохиолдол, 1185 нас баралт шинээр бүртгэгдлээ. Өссөн дүнгээр тус улсын халдварын тохиолдол 1 сая 188 мянга 600 гаруйд, нас баралт 53 мянга гаруйд хүрсэн байна.  Харин БНСУ-д 28 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгджээ. 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ болон ЗООНОЗ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 333 хүнд шинжилгээ хийхэд 332 хүнээс вирус илрээгүй. Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр /2020.06.24/ 10:45 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардсан. Энэ онгоцоор 255 иргэн эх орондоо ирсэн. Зорчигч дундаас 64 настай нэг эмэгтэйгээс COVID-19 халдвар илэрч ХӨСҮТ-д тусгаарласа" гэлээ. 

 

Өнөөдөр /2020.06.25/ өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 114 иргэн эх орондоо ирснээс гурван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлажээ. 

 

Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 216 болсон. Үүнээс 169 хүн эдгэрсэн бол 47 хүн эмчилгээ хийлгэж байна. Өвчтөнүүдийн биеийн байдлын тухайд 41 нь хөнгөн, 6 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Өнөөдөр дахин нэг иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны эмчилгээнд шилжжээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин