Амь насаараа дэнчин тавьсан унаач хүүхдүүдээ хамгаалъя
2020-06-30

 

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход хагас сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Эзэгтэй нар наадмын гоёлоо зэхэж, хүчит бөхчүүд нь бөхийн бэлтгэлдээ гарсан, уяачид маань морьдынхоо уяа сойлгыг тааруулж байна.

 

Ээдээ хөдөөгүүр хачин сайхан байгаа даа. Аргамжаагаа сэлгэж, морьдынхоо хоолыг тааруулах гэсэн уяачид сэрвэлзэн хонож, одтой тэнгэр ширтэж, түрүү үзүүрт ирэхээ тохирч байгаа унаач хүүхдүүд гээд л наадмын өнгө орчихсон мөн ч сайхан шүү.

 

Энэ  үед  уяачдын толгойг багагүй зовоодог асуудлын нэг  яахын аргагүй унаач хүүхэд. Улсын баяр наадам дөхчихсөн. Унаач хүүхдийн эрэлд уяачид гарч, ойрын  найз нөхөд, танил тал руугаа 

 

-За хөгшин. Гайгүй хүүхэд байна уу? Бие хөнгөн, сэргэлэн адтай хүүхэд л хэрэгтэй байна. Энэ жил өнгө зүс давгүй, ямар ч байсан айргийн тавдаа  бол байх шиг байна. Харин хүүхэд байдаггүй. Баяраагийн бага шар одоо ч эд унадаг насан дээрээ байгаа даа. Хүн авчихсан уу? аваагүй бол тавиад очдог юм  билүү гээд л тал тал тийшээ утас цохиж суугаа.  Хүүхэд байна гэж сонсогдвол харвачихна шүү дээ. Манай хөдөөгүүр хүүхдийн захиас ч  дөнгөж төрсөн цагаас  л эхэлдэг дээ. Таван жилийн дараа хүүг чинь хажуудаа авч морь унуулна шүү гэж  эртнээс цахина. Наадам дуусаад л  дараа жилийн наадмаар морио унуулах хүүхдээ, аав ээжид эртхэнээс дуулгана.  Наадмын галууд үсэргээ сунгааны үеэр хүүхэд олдохгүй бол  хорь гарсан залууг ч  морины нуруун дээр тавьж харагдана.  Нэг нас унахад хэдэн төгрөгөөр унахаа уяачтайгаа  тохирно. Намар хичээл ороход хичээлийн бэлтгэл, хувцас хунар, мэдээж айргийн тавд багтвал нэмэлт урамшуулалтай.

 

Сүүлийн жилүүдэд стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас хэрэглэл заавал өмсөж, гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх гэсэн шаардлагыг хатуу тавьж байгаагийн дүнд хувцас хэрэгслийг өмсдөг болж. Түүнээс биш унаач хүүхэд хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөнө гэдэг ойлголт хол байлаа. Ялангуяа хөдөө орон нутаг  сумын наадамд.  Хөдөө орон нутагт худлаа хэлсэн хүнд нэг  галын уяачид хамгаалалтын сэлгээний хоёр хувцас, хоёр хүүхэдтэй байдаг байлаа. Эхний нас   ирээд, дараагийн нас мордоход дахиад л нөгөө хүүхэд амны цангаагаа тайлж аваад морддог байсан. Сумын наадам, овооны баярт бол нэг хүүхэд зургаан нас унах нь энгийн үзэгдэл. Наадам дээрээс  хүүхэд олдох биз. Юу ч гэсэн морио уяж л байна гэж хээв нэг ярьж суугаа уяачийг хэдэнтэй сонсож явлаа.  Унаач хүүхэд наадмын өмнөх, сунгаа, үсэргээнд унаж, хөнгөн бэртэл авахад шорвог хар цайгаар шавшаад гайгүй болчихно доо гэж үл тоох, унаач хүүхэд, уяач хоёр. Морь унаж түрүүлэх гэсэн хүүхдийн их хүсэл, морио уяж  цоллуулахыг хүссэн  уяачийн хүсэл мориноос унахыг тоохгүй. Харин ч хатуужиж эр хүн болж байгаа нь энэ гэж муйхарлана.

 

Сүүлийн жилүүдэд унаач хүүхдийн эрүүл мэнд , амь нас, аюулгүй байдал хөндөгдөж эхэлсэн. Гэхдээ “ниргэсэн хойно нь хашхирав”гэгчээр олон хүүхдийн амь нас эрүүл мэнд хохирсны дараа л асуудал гэж харсан. Заавал хамгаалалтын хувцас хэрэгсэл өмссөн байх, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх, гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх, хүүхдийн эцэг эхээс албан ёсоор зөвшөөрөл авч гэрээ байгуулсан байх зэрэг шаардлагуудыг тавьсан. Морио уралдуулахын тулд уяачид дуртай дургүй ч эдгээрийг хангасан байх шаардлагатай.

 

Харин энэ жилийн баяр наадам урд урдны жилүүдээс илүү эрсдэлтэй нөхцөлд зохион байгуулагдахаар болж байна. Дэлхий дахинаа коронавирусийн цар тахал дэгдэж улс орнууд өрх үүдээ хаагаад байгаа билээ. Манай улс ч цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд нилээдгүй хэдэн сарыг үдэж байна. Хэзээ хөл хорио цуцлахыг хэн ч мэдэхгүй.  Шадар сайд Ө.Энхтүвшин: “99 жилийн түүхэнд Монгол Улс Үндэсний их баяр наадмаа өнжсөн удаа байхгүй. Халхын голын байлдаанаар олон хүний амь үрэгдсэн үед ч, 1932 онд лам нарын бослого гарсан ч Үндэсний их баяр наадмаа хийж байсан юм билээ. Тиймээс өнөөдөр манай улс дотооддоо коронавируст халдварыг алдаагүй байгаа гээд сонгуулиа хийж байгаа юм чинь Үндэсний их баяр наадмаа хийх нь зүйтэй байх.  Гэхдээ өмнөх шигээ олон хүнийг бөөгнөрүүлсэн, нийтийг хамарсан байдлаар биш, техникийн дэвшил, технологийг ашиглан цомхон байдлаар наадмаа зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэж мэдэгдэж байсан. Шадар сайдын хэлсэн биелэлээ олсон. Энэ сарын 26-нд  халдвар хамгааллын дэглэм сахиж төрийн түшээдээ сонгосон бол баяр наадмаа ч мөн халдвар хамгааллын дэглэм чанд сахиж зохион байгуулахаар болсон.

 

Үндэсний их баяр наадам улс орон даяар долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд нэгэн зэрэг зохион байгуулагдахаар  бэлтгэл ажлаа  хангаж байгаа. Харин өнөөдөр Үндэсний их баяр наадмын үеэр, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийсэн юм. Энэ жилийн баяр наадам халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахина. Унаач хүүхдийг бүртгэхдээ, унаач хүүхэд өөрийн биеэр ирэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт, эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл, хоорондын байгуулсан гэрээ, уралдаанч хүүхдийн карт, гэнэтийн ослын албан журмын даатгалд даатгуулсан байх гэсэн шаардлагуудыг тавьсан.

 

Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалд нэг удаа хамрагдсанаар тухайн хүүхэд бүтэн жил даатгалд хамрагдах ба суурь хураамж 100.000 төгрөг, аймаг сум, дүүргийн тээвэрлэлтийн зардал багтсан нөхөн олговрын хэмжээ 20 сая төгрөг байна гэв. Бүтэн жил даатгалд хамрагдана гэхээр чихэнд чимэгтэй л сонсогдож байна.

 

Энэ он гарсаар  хөл хорионы үед үсэргээ сунгаа зохион байгуулсан 17 уяачид зөрчлийн хуулиар хариуцлага тооцжээ.  Харин уралдаанч хүүхдийн  даатгал зөвхөн уралдааны үед биш, уралдаан, сунгаа, үсэргээний үед цаашлаад  нэг жилийн хугацаанд нийгмийн бусад орчинд унаж, бэртэж осолдсон тохиолдолд даатгал үйлчлэх ёстой гэсэн нөхцөлийг оруулж өгсөн. Одоогоор зөвшөөрөл авсан 11 даатгалын компани байгаагаас дээрх нөхцөлүүдийг гэрээндээ тусгасан дөрвөн компани байгаа гэж албаны хүн мэдэгдлээ.  

Тиймээс хуулиа дагаж, уяачид хайртай хурдан хүлгээсээ гадна унаач хүүхдийн эрүүл мэндийг давхар анхаарч, даатгалд хамруулна биз ээ.

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
bibi:
хүүхдийн эрх ярьдаг байгууллага хүмүүс наадам болохоор л морь унаач хүүхэд гэж шоудахаа болий, бусад үед хүүхдүүд их эрсдэлтэй байгааг ярьж хамгаалаач
2020-07-01
zochin:
Malchid huuhduudee hairlahaa medehgui arhi chiher avaad ochihod l huurtaad nyalh huuhdee adguusnii nuruun deer taviad yavuulchihdag.Azgui zarim huuhed morinoos unaj nasaaraa tahir dutuu boldog ni haramsaltai.
2020-06-30
Bater:
Giingoo bhku mori uralduulj yadgiin b
2020-06-30