Эхнэрээ төсвийн мөнгөөр цалинжуулсан Францын Ерөнхий сайд асан 5 жил хоригдоно
2020-06-30

Ерөнхийлөгч Николя Саркозигийн үед, 2007-2012 онд  Францын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Франсуа Фийон эхнэртээ зориулж хуурамч ажлын байр бий болгосон хэрэгт буруутгагдан таван жилийн /үүнээс гурван жил нь тэнсэн харгалзах ял / хорих ялаар шийтгүүлжээ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Парис хотын шүүх Фийоныг улсын хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутайд тооцсон байна. Энэ хэрэгтэй холбоотой дуулиан 2017 онд дэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байсан Фийоны төлөвлөгөөг нураасан юм. 

 

Хэргийг сөхвөл, Фийон 2000-аад онд Парламентын гишүүн байхдаа эхнэртээ туслахын ажлын байр хуурамчаар бий болгон, олон зуун мянган евро төлсөн гэх нийтлэл Canard Enchaine  сонинд гарсны дараа 2017 оны дундуур Францын Прокурорын газар  Фийоны эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ нийтлэл ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа ид дундаа явж байхад гарсан бөгөөд барууны төвт "Бүгд найрамдахчууд" намаас нэр дэвшиж байсан Франсуа Фийон энэ сонгуулийн гол өрсөлдөгч байсан юм. 

 

Улмаар хэвлэл болон хуулийн байгууллага буруутгаж эхэлсэн ч Фийон болон түүний гэргий тэдний эсрэг буруутгасныг бүхэлд нь үгүйсгэж байлаа. Фийоны эхнэр Пенелоп Фийон үнэхээр л нөхрийнхөө туслахаар ажиллаж байсан гэж тэд мэдэгдэж байв. Гэвч үнэн хэрэгтээ Пенелопд парламент руу нэвтрэх үнэмлэх ч байгаагүй, харин парламентын ажилтнуудаас хэн нь ч түүнийг ажилладаг гэж мэдэхгүй байсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байлаа. 

 

Түүнчлэн Canard Enchaine  сонин Фиойны хүүхдүүд болон Мари, Шарль нарт 80 мянган еврогийн төлбөр төлсөн баримтыг дэлгэсэн бөгөөд үүнийг мөрдөн байцаагчид шалгаж байв. Энэ нь хуульзүйн үйлчилгээний төлбөр байсан гэж Фийон мэдэгдсэн ч Фийоны охин, хүү хоёрын аль нь ч хуульч биш гэж хэвлэлүүд баталж байлаа. 

 

Фийоны гэр бүлтэй холбоотой хөрөнгийн асуудал үүгээр дууссангүй. Түүний гэр бүлийн найз, тэрбумтан Ладре де Лашарьерийн мэдэлд байх Revue des Deux Mondes утга зохиолын сэтгүүлд ерөнхий сайд асан Фийоны гэргий Пенелоп Фийон ямар ажил эрхэлж байсныг хууль сахиулах байгууллагынхан шалгасан бөгөөд Пенелоп 2012 оны тавдугаар сараас 2013 оны 12 дугаар сарын хооронд сар бүр 3,5 мянган евро авч байжээ. 

 

Өөрийнх нь эсрэг чиглэсэн энэ бүх мэдээлэл, баримтуудыг Фийон улс төрийн сэдэлтэй хэмээн мэдэгдэж, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөсөө татгалзаагүй юм. Гэвч түүнийг тойрсон дуулианы улмаас нэр хүнд нь унаж, сонгуулийн нэгдүгээр шатанд Эммануэль Макрон болон Марин Ле Пен нарын ард бичигдсэн. 

 

Ийнхүү 2017 оноос хойш үргэлжилсэн хэрэг мөрдөлт дуусч, Францын Ерөнхий сайд асан Фийон болон түүний эхнэрийг шүүх хурал даваа гаригт болсон байна. Шүүгчид Фийоныг эхнэртээ хуурамчаар ажлын байр бий болгон, хийгээгүй ажлынх нь төлөө эхнэртээ 831 мянган евро төлсөн гэдгийг тогтоожээ.  "Олгосон цалин хийсэн ажилтай нь нийцэхгүй байсан" хэмээн шүүх хурлыг даргалагч мэдэгдсэн байна. Харин Фийоны эхнэр Пенелоп улсын мөнгө шамшигдуулахад оролцсон, нуун дарагдуулсан хэргээр гурван жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

 

Түүнчлэн тэд тус бүр 375 мянган еврогийн торгууль төлөх бөгөөд тэдний өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
утсаар ярихаас өөр ажил хийдэггүй оффисын ажил байдаг
2020-07-08
irgen:
manaid bol byhel byten ger byl hamaatan sadan naiz nohdoo ulsiin horongoos luivardaad zeelyyleed huvidaa huvaagaad avchihdag….yamarch yal sonsdoggui
2020-06-30
Баатар:
Ямар инээдтэй юм вэ, 5 жилийн ял бас торгууль, авсан цалинг нь төлүүлэх гэх мэт , харин манай улсад, төрөл садан , найз нөхөд , сүүлийн жилүүдэд бүх шатны \ улс, аймаг, сум \ байгууллагад 1 ба түүнээс дээш хүмүүсийг огт байхгүй, байх ёсгүй орон тоо гаргаад цалинжуулдаг, бүр дарга бүр нууц амрагуудаа дэргэдээ ажиллуулж цалинжуулдаг болсон , санхүү,аудит , татварынхан шалгаад илрүүлдэг ч юү болдоггүй шүүдээ
2020-06-30