БНХАУ-д гахайн ханиадны шинэ омгийг илрүүлжээ
2020-06-30

Цар тахлын дайтай дэгдэж болохуйц, гахайн ханиадны шинэ омгийг /штамм/ Хятадын эрдэмтэд илрүүлжээ. Шинэ омгийг G4EA H1N1 хэмээн нэрлэх бөгөөд 2009 онд Мексикт эхэлж, улмаар дэлхий даяар тархсан гахайн ханиадны вирустэй зарим талаар ижил төстэй гэж RG мэдээлсэн байна. 

 

Хэдийгээр энэхүү омог нь гахайгаар дамжин халдварлагдах хэдий ч хүн\ээс хүнд дамжих боломж бүхий "шинж тэмдгүүд агуулагдаж байгаа"-г судлаачид баталсан байна. Саяхныг хүртэл шинэ омог аюул заналхийлж байгаагүй ч Хятадын гахай нядалгааны газар болон гахай үржүүлгийн газрын ажилтнуудаас шинэ төрлийн вирусээр халдварласан тохиолдлуудыг эрдэмтэд илрүүлжээ.

 

Энэ омгийг илрүүлсэн эрдэмтэд Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ "гахай бол цар тахалд хүртэл дэгдэх ханиадны вирусийн тээгчид"  бөгөөд гахайн ханиадны вирусийг тогтмол ажиглах нь дараагийн цар тахал үүсэхээс урьдчилан сэргийлэхэд нэн чухал гэдгийг онцолсон байна.

 

Түүнчлэн гахайны вирустэй тэмцэх арга хэмжээг нэн яаралтай хэрэгжүүлж, вирусийн тархалтыг нарийвчлан хянах шаардлагатайг эрдэмтэд онцолжээ.

 

G4 EA H1N1 гэж эрдэмтдийн нэрлэсэн энэхүү вирус нь хүний амьсгалын замыг бүрхдэг эдүүдэд өсч үржих боломжтой гэнэ. Одоогоор энэ вирус томоохон аюул заналхийлээгүй ч хайхрахгүй орхиж болохгүйн дээр байнгын хяналт, ажиглалт хийх шаардлагатай гэж вирусийн шинэ омгийг судалж байгаа Хятадын профессор Кин-Чоу Чанг болон түүний багийнхан онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин