Д.Нямхүү: 406 хүний хариу сөрөг гарч, нэг оюутан эдгэрч, нэг эмэгтэй амаржлаа
2020-07-01

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.01/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  10 сая 563 мянган  хүн халдвар авч,  513  мянган хүн нас баржээ.  Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  159  мянга гаруйгаар  нас баралт 4 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.

 

Манай улсад  16 хүн ажиглалтад шинээр орж,  ажиглалтаас 31 хүн гарч  гэрийн ажиглалт руу шилжлээ.  Ажиглалтад нийт 2468 хүн байна. 1-5 насын 118 хүүхэд, 53 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 332  хүн байгаа. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 6000 гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд 161 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 1  дуудлага ирсэн.

 

АНУ-д 35600 гаруй шинэ тохиолдол, 370  нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 33800 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж, тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр  1 сая 402  мянга  гаруйд хүрээд байна.  Харин нийт нас баралт 59500 гаруй болжээ.  

 

БНСУ-д 50 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. БНХАУ-д 3 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн бол  бүгд дотоодын халдвар байна.  БНЭУ-д 18500  гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид  нийт 406 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Эдгээр шинжилгээг задалж хэлбэл ажиглах байранд тусгаарлагдаж байсан 378 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр  иргэний шинжилгээ, тандалтын зорилгоор долоон  хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 19 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ байна.  Сайн мэдээ нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс  дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэн нь  21 настай эрэгтэй ОХУ-аас ирсэн оюутан байна.   ХӨСҮТ-д эмчлэгдэж дараагийн сувилал руу   шилжсэн жирэмсэн эмэгтэйг өчигдөр ХӨСҮТ-рүү дахин шилжүүлж  өнөө өглөө 07.00 цагт  амаржиж, охинтой боллоо. Баяр хүргэе. 

 

Манай нийт батлагдсан тохиолдол 220  эдгэрсэн тохиолдол  176 боллоо. Харин эмчилгээнд 44  хүн байгаа. Биеийн байдал хөнгөн 33, хүндэвтэр 11 иргэн байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Солонгост 1 корона өвчтөнд уушиг шилжүүлж суулгалаа. Уушиг нь хайлчихсан бас хүрэхээх чулуу шиг хатуу болсон б гэж эмя Ярьж б
2020-07-01