С.Марал-Од: Гэр бүлийнхэндээ хүлээн зөвшөөрөгдсөндөө баяртай байна
2020-07-02

 

  “The Voice of Mongolia” шоуны  хоёрдугаар улирлын шилдэг оролцогч С.Марал-Одтой ярилцлаа.

 

-“The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэг дуусаад нилээдгүй хугацаа өнгөрч байна. Энэ зуны төлөвлөгөө юу байна вэ? Удахгүй Үндэсний их баяр наадам ч боллоо.

 

-Энэ зун Ховдод гэртээ харьж амраад, хөдөө наадамлана.  Шоу дуусаад найзуудтайгаа уулзаж, хэлний бэлтгэл, хичээлээ хийж байгаа. Мөн дараа дараагийнхаа хийх зүйлсийг судалж байна.

 

-Шоунд оролцох шийдвэрээ хэрхэн гаргаж байсан бэ? Найзууд нь зөвлөсөн үү?

 

-“The Voice of Mongolia” шоуны  нэгдүгээр  улирал дуусаад хоёрдугаар  улирлын бүртгэл явагдаж байхад манай  гэр бүл, найзууд маань оролцоод үзээч гэсэн. Тэр бүрт нь  “үгүй ээ, оролцохгүй” гэж хэлээд явдаг байлаа. Нэг өдөр онлайн бүртгэл дууссан. Нээлттэй шалгаруулалт авна гэсэн мэдээлэл фэйсбүүк дээр байсан. Халиунаа маань онлайнаар бүртгүүлчих байсан.  Найз маань оролцож байгаа юм чинь хамт ороод үзье гээд нээлттэй шалгаруулалтад нь оролцсон.

 

-Blind Audition шатны шалгаруулалтад  “Mamma knows Best”  дууг дуулахад дөрвөн шүүгч  дөрвүүлээ эргэж харсан. Ука шүүгчийн багт орно гэж бодож байсан уу?

 

-Дөрвөн шүүгч маань эргэж харсанд маш их баярласан. Гэхдээ тэмцээнд орох  шийдвэрийг гаргахдаа л  хэрвээ Ука шүүгч эргэж харвал Ука шүүгчийн багт орно гэж бодож байсан.

 

-Дууны сонголт өвөрмөц санагдсан?

 

-Намайг маш сайн илэрхийлж чадах юм шиг санагдсан. Тиймээс тэр дууг сонгож байсан.

 

-Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг байсан бэ?

 

-Ука дасгалжуулагч маань хүн нэг бүр дээр тулж ажилладаг байсан. Хүн бүрийн үзүүлбэрийн  жижиг зүйлсийг ч орхигдуулахгүйгээр  анхаарч, бэлтгэл хийдэг.  

 

-Олон цагийн бэлтгэл сургуулилт хийгээд шантрах үе гарах юм уу?

 

-Нээлттэй шалгаруулалтанд орж тэнцээд дараа  дараагийн шатанд ч тэнцэж дуугаа дуулах их хүсэл байсан болохоор хэцүү үе байсан ч ялархахгүйгээр, шантрахгүйгээр бэлтгэлээ хийж байсан. Дуртай зүйлээ хийж байсан болохоор  шантрах, ухрах бодол төрдөггүй юм билээ. Аз жаргалтайгаар бэлтгэл сургуулилтаа хийж байсан. Гэхдээ бэлтгэл сургуулилт хэцүү гэхээс илүү  гэр бүл, найз нөхөд шиг болж цаг ямагт хамт бэлтгэл сургуулилт хийж байсан багинйхан маань  шоуны шатуудад хасагдаж байгааг харах л   хэцүү байдаг байсан.

 

“The Voice of Mongolia” дуусахад сургуульд сураад төгссөн юм шиг санагдсан

 

 

- The Voice of Mongolia шоу ямар өөрчлөлтийг дагуулсан бэ?

 

- Нээлттэй шатанд шалгуулахдаа  их айж, сандарч  байсан. Тухайн  үед миний хоолой өвдчихсөн байсан учраас бүр ч их сандарсан. Нээлттэй шатанд тэнцсэн гэсэн хариу  ирэх хүртэл тэнцэх болов уу, яах бол гээд түгшүүртэй байлаа. “Монгол HD” телевизээс тэнцсэн гэсэн хариу ирэх үед  итгээгүй.  Яг л зүүдэлж байгаа юм шиг санагдсан.  Эхний The Blind шатанд орохдоо “мундаг дуулдаг хүүхдүүд зөндөө байна даа. Би  ч бараг тэнцэхгүй байх” гэж бодоод итгэлгүй орсон чинь дөрвөн шүүгч эргэж хараад Ука шүүгчийнхээ багт орсон. Маш их баярласан. Ука шүүгчийнхээ багт орсноор маш олон зүйлийг сурч, өөрчлөгдсөн. Дадал зуршил, хүмүүстэй харилцахдаа анхаарах зүйлсүүд гээд л маш жижигхэн зүйлсийг ч сурч мэдсэн. Ука шүүгч хэлээгүй байсан ч өөрөөрөө үлгэр дуурайлал үзүүлдэг. Шат болгонд л чухал чухал зүйлсийг ойлгож сурч байсан.

 

The Battle шатанд тэвчээр суусан. Аливаа зүйлийг олон талаас нь бодож, ойлгож сурсан. Яагаад гэвэл Халиунаа найзтайгаа хамт дуулаад нэг нь хасагдах нь хэцүү санагдаж байсан. Хэн нь хасагдсан ч  жаргалтайгаар энэ аяллаа дуусгана гэж бодоод сэтгэл зүйгээ бэлдсэн. Дараагийн шатуудад том жижиг гэлтгүй хариуцлагатай байх ёстой гэдгийг ойлгосон. Сүүлд нь бодоход “The Voice of Mongolia” шоу сургууль шиг байсан. “The voice of Mongolia” дуусахад сургуульд сураад төгссөн юм шиг санагдаж байлаа.  Эхнээсээ эцэс хүртлээ маш олон зүйлийг сурсан.

 

Энэ  шоунд орохоос өмнө дуунд хайртай маш том хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байсан. Одоо ч тийм л байгаа. Гэхдээ энэ дэлхийн хэмжээний шоунд оролцоод  олон  зүйлийг сурч мэдсэн. Мөн маш сайхан хамт олонтой болсон. Энэ шоунд оролцсон хамгийн том амжилт маань гэр бүлийнхэндээ хүлээн зөвшөөрөгдсөн байсан. Гэр бүлийнхэн маань урлагийн хүн болохыг төдийлөн сайн дэмждэггүй байлаа. Энэ шоунд оролцсоноор  маш сайн дэмждэг болсон.

 

-Ука шүүгч тайзан дээр гарахаас өмнө юу гэж хэлдэг вэ?

 

-Чи чадна аа гэж хэлдэг.

 

-Эерэг сөрөг сэтгэгдлүүдийг хэрхэн хүлээж авдаг вэ?

 

-Үзүүлбэрийг маань үзээд бичсэн сэтгэгдлүүдийг бүгдийг нь уншдаг. Би хүмүүст дуугаа хүргэхийг зорьсон учраас намайг хэрхэн хүлээж авч байгаа  гэдгийг нь сэтгэгдлээс нь мэднэ. Тиймээс л уншдаг. Сэтгэгдлүүдийн ихэнх нь эерэг байсан болохоор маш сайхан байсан. Гэхдээ зарим нэг сөрөг сэтгэгдлүүдийг уншаад сэтгэлээр унадаггүй. Шүүмжилсэн  зүйлсийг нь анхаарах хэрэгтэй юм байна гэж боддог. Харин ямар ч үндэслэлгүйгээр бичсэн зүйлст юу ч хэлмээргүй байна.

 

-Халиунаа та хоёр сайн найзууд. The Battle шатанд таарахад ямар байсан бэ?

 

-Энэ шоунд хамт орохдоо л   хэрвээ хоёулаа тэнцэж, нэг багт орвол The Battle шатанд таарах байх гэж таамаглаж байсан. Гэхдээ  битгий таараасай гэж  хүссэн. Бид The Battle шатанд хамт дуулахдаа хэн нь ч хасагдсан хамаагүй,  нэгийгээ дэмжинэ гэсэн сэтгэлээр орсон.

 

 

Аав ээж хоёр ирж үзсэн. Гэхдээ ээж аав хоёр маань тайзан дээр дуулж байхыг минь анх удаа  үзэж байгаа нь энэ шоу.  Дуугаа дуулж байхдаа аав ээж хоёр маань үзээд ямар байгаа бол гэсэн бодол төрж байсан. Дуулж дууссаны дараа аав ээж хоёр минь намайг тэврээд  уйлсан. Тэр үе хамгийн сайхан.

 

 

 

-С.Марал-Од шоуны аялалаа дуусгахдаа өөрийн цахим хаягт сэтгэгдлээ илэрхийлсэн нь талцаад байсан үзэгчдийн дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлсэн. Ер нь сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан уу?

 

-Миний хувьд аяллаа үргэлжлүүлэх боломжгүй болсон ч энэ шоунд оролцсондоо сэтгэл хангалуун, харамсах зүйлгүйгээр тайзнаасаа буусан. Бид хоёрыг дэмжиж байсан хүмүүс, өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийн хувийн үзэл бодлыг хүндэтгэнэ. Гэхдээ Э.Дашням ах маань мэдрэмжтэй маш авьяастай дуучин. Ямар ч дууг сэтгэл зүрхээрээ, өөрийнхөөрөө дуулдаг.  Хүмүүс Э.Дашням ахыг гадаад дуу дуулахад шүүмжилсэн. Өмнө нэг ч удаа гадаад дуу дуулж байгаагүй хүн хоёр хоногийн хугацаанд  дуугаа бэлдэж дуулсан. Э.Дашням ахыгаа хичээж байгааг хараад маш их бахархаж байсан. Тиймээс хүмүүс заавал С.Марал-Од үлдэх ёстой байсан эсвэл Э.Дашням үлдсэн нь зөв гэдэг дээр анхаарлаа хандуулахгүй байгаасай гэж хүссэн.

 

Ялж, ялагдаж сурсан

 

-Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?

 

-Би айлын том. Аав  ээж, гурван  дүү  маань Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд амьдардаг. Хотод өвөө  эмээтэйгээ хамт амьдардаг.

 

-Багадаа тэмцээн уралдаанд  оролцдог байсан уу? Амжилтуудаа дурдвал?

 

-Цэцэрлэгт байхаасаа л тэмцээн уралдаанд оролцдог байсан. Тэр дундаа хамгийн том тэмцээн нь The Voice of Mongolia шоу байлаа. Сургууль, дүүрэг бусад оролцож байсан тэмцээнүүддээ гайгүй сайн оролцдог байсан. Тэр болгон маань надад урам зориг өгдөг. Гэхдээ ялагдах үе ч байсан. Ялж, ялагдаж сурсан.

 

-Ховд аймгаас ээж аав нь ирж  үзсэн үү?

 

-Аав ээж хоёр ирж үзсэн. Гэхдээ ээж аав хоёр маань тайзан дээр дуулж байхыг минь анх удаа  үзэж байгаа нь энэ шоу.  Дуугаа дуулж байхдаа аав ээж хоёр маань үзээд ямар байгаа бол гэсэн бодол төрж байсан. Дуулж дууссаны дараа аав ээж хоёр минь намайг тэврээд  уйлсан. Тэр үе хамгийн сайхан. Би  дотогшоогоо хүн биш. Тэр тусмаа гоё сайхан мэдрэмжүүдээ дотроо хадгалахыг хүсдэггүй хүмүүстээ хуваалцахыг хүсдэг.

 

-Спортоор хичээллэдэг үү?

 

-Би төрөлхийн түнхний мултралтай төрсөн. Хоёр хөлнийхөө хооронд модтой явдаг байлаа. Эмээ маань асарч хөлтэй болгосон. Тиймээс эрүүл мэндийн шалтгааны улмаас спортоор хичээллэх хориотой байдаг. Гэхдээ бүжиглэх маш их дуртай  болохоор нууцаар бүжиглэдэг.

 

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

 

-Загварын талаар судалдаг.

 

Уран бүтээлийн санал ирж байна уу?

 

-Уран бүтээл, ажлын саналууд ирж байгаа. “Монгол HD” телевизтэйгээ гэрээтэй байгаа учраас зөвлөлдөж шийдвэрээ гаргана.  Тайзан дээр гарахад бодит амьдрал дээр биш, өөр хэмжээст өөр ертөнцөд очсон юм шиг мэдрэмж төрдөг. Бодит амьдралын асуудал ор мөргүй мартагддаг.

 

-Цаашид урлагийн сургуульд суралцах уу?

 

-Уран бүтээл хийгээд явна. Гэхдээ дуулахын хажуугаар давхар өөр мэргэжилтэй тэр тусмаа дизайнер болно гэж боддог. Дизайнер болоод өөрийн гэсэн брэндтэй болохыг хүсдэг.

 

-Цаашдын зорилго?

 

-Телевизээр  үздэг байсан дэлхийн шоуг монголдоо чанарын өндөр түвшинд зохион байгуулж байгаа урлагт хайртай маш олон залуусын хүсэл мөрөөдөлд нь ойртуулж өгч байгаа  “Монгол HD” телевизийн хамт олондоо маш их баярлалаа. Баяр хүргэе. “The Voice of Mongolia”шоуны аяллаас маань эхлээд цаашид хамт байх Ука шүүчдээ маш их баярлалаа. Таны минь заавар, зөвлөгөө дэмжлэг байхгүй байсан бол яах байснаа ойлгохгүй байна. Таныгаа маш их хайрлаж хүндэлж явдаг шүү.  

 

Амьдралын минь салшгүй хэсэг бол дуу хөгжим. Тиймээс олон олон уран бүтээл гаргаж, зөв үлгэр дуурайлал болохыг хүсэж байна.

 

-“The Voice of Mongolia” шоуны гуравдугаар улирлын бүртгэл эхэлсэн байна. Залуустаа хандаж хэлэхэд?

 

-Хэрвээ өөрийн чинь сэтгэлд багтаж байвал яг одоо бүртгүүлээрэй. Өөрийгөө голж хэрэггүй. Энэ шоунд оролцоод тэнцсэн, тэнцээгүй хамаагүй олон зүйлийг сураад харина. Тиймээс та бүхэн минь бүртгүүлээд ороорой.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж:
Үгүй таминь ээ, энэ гарчиг юү гэсэн утгатай юм бэ? Гэр бүл нь ад үзэж байснаа болилоо гэсэн үг үү?
2020-07-04
Монголд дуучид хэрэггүй ээ .:
Таминь ээ энэ монголд чинь 3 сая хүнд 200 мянган дуучины хэрэг алгаа . Бүгдээрээ л сайн дуулж байнаа . Дуучид эх оронд минь хангалттай их байнаа . Voice шоу universe best song шоу Камертон 2 шоу Оддын эрэлд шоу Авьяаслаг монголчууд шоу Үл тасрах аялгуу шоу Уяачид Малчид дуулж байна бас л шоу Дандаа дуучид төрүүлдэг шоунууд яасан ч их юм бэ дээ . Юутай ч дэлхийн шилдэг voice шоунд түрүүлээд дэлхийн шилдэг үзүүлбэрээр шоу нь шалгарсан Ядам хүүд баяр хүргэе ээ . Сайн дуучин хөөрхөн хүү байна лээ .
2020-07-02
Эрдэнэбүрэнгийн өөлдүүд мундаг шүү. Их дууч ард түмэн
2020-07-02
Тайзыг ч бас л нураасан шүү. Амжилт !!!!!!!!!
2020-07-02
Huduunii Huurhun ohin bnaa amjilt
2020-07-02