Д.Нямхүү: Нэг оюутан эдгэрч, 302 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа
2020-07-02

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.02/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  10 сая 777 мянган  хүн халдвар авч,  517  мянган хүн нас баржээ.  Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  180 мянга гаруйгаар  нас баралт 4 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.

 

Манай улсад  34 хүн ажиглалтад шинээр орж,  ажиглалтаас 163 хүн гарч  гэрийн ажиглалт руу шилжлээ.  Ажиглалтад нийт 2331 хүн байна. 1-5 насын 77 хүүхэд, 29 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 261 хүн байгаа. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 6000 гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд 163 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 3  дуудлага ирсэн.

 

АНУ-д 43600 гаруй шинэ тохиолдол, 560 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 46700 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж, тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр  1 сая 448  мянга  гаруйд хүрээд байна.  Харин нийт нас баралт 60600 гаруй болжээ.  

 

БНСУ-д 54 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. БНХАУ-д 3 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Батлагдсан тохиолдлын  хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн,  нэг нь  дотоодын халдвар байна.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид  нийт 302 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Эдгээр шинжилгээг задалж хэлбэл ажиглах байранд тусгаарлагдаж байсан 246 хүний давтан шинжилгээ, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор есөн хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 42 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ,Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан дөрвөн хүний давтан шинжилгээ  байна.  Сайн мэдээ нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс  дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэн нь  22 настай  батлан хамгаалахын сургуулийн оюутан байгаа. 

 

Манай нийт батлагдсан тохиолдол 220  эдгэрсэн тохиолдол  177 боллоо. Харин эмчилгээнд 43  хүн байгаа. Биеийн байдал хөнгөн 37, хүндэвтэр 6 иргэн байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин