М.Болдсайхан: Бичиг баримтгүй ирвэл шалгалтад оруулах боломжгүй
2020-07-03

 

Элсэлтийн ерөнхий  шалгалт  долдугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа. Шалгалт долдугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын түүх, Англи хэлний хичээлээр эхэлсэн. Өнөөдөр буюу долдугаар сарын 03-нд Хими, Газар зүй, Нийгэм судлал хичээлээр үргэлжилнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын эхний өдрийн шалгуулагчийн ирц, зөрчил бусад асуудлын талаар  БҮТ-ийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.

 

-Шалгуулагчдын эхний өдрийн ирц ямар байна вэ?

 

-Одоогоор шалгалтын байруудын ирц бүрэн нэгтгэгдээгүй байна. Эхний шалгалтын байруудаас мэдээлж байгаагаар Монголын Улсын түүх хичээлийн ирц 97 хувьтай байгаа бол Англи хэл хичээлийн ирц 98 хувьтай байна.

 

-Шалгуулагчийн ирцэд нөлөөлж байгаа зүйл юу байна вэ?

 

-Зарим өмнөх оны төгсөгчид бүртгүүлсэн шалгалтандаа ирэхгүй байгаа. Нэг танхимд 12 шалгуулагч суух ёстой бол зарим өмнөх оны төгсөгчид ирэхгүйгээс  нэг ангид найман шалгуулагч сууж байна. Энэ онд төссөн шалгуулагчид ирц бүрэн ирж байгаа.

 

-Шалгуулагчид ямар  ямар зөрчлүүд гаргаж байна вэ?

 

-Шалгуулагчийн суудлын хуваарь дээр шалгалтын байранд ирэх цагийг тодорхой зааж өгсөн. Тодорхой заасан цагийг олонх нь баримталж ирж байгаа бол цөөн хэдэн шалгуулагч шалгалтын байранд ирэх цагаас хоцорч ирж байна. Хоцорч байгаа сурагчид шалгалтын байраа ололгүй, төөрч ирлээ  гэсэн өгүүлэмжтэй хоцорч ирж байна. Мөн шалгуулагчид, тэр тусмаа  өмнөх оны төгсөгчид бичиг баримт дутуу зөрчил  гарсан. Бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ орхисон, гээгдүүлсэн, ажлын албан газар нь өгөөгүй, сургуулиа солихоор дахин шалгалт өгч байгаа шалгуулагчдад сургалтын алба нь бичиг баримт олгоогүй асуудал гарч байгаа.

 

-Бичиг баримтгүй ирсэн шалгуулагчид ямар арга хэмжээ авч байна?

 

-Шалгалтын журмаар бичиг баримтгүй ирсэн хүүхдүүдийг шалгалтад оруулах боломжгүй. Яг одоогийн байдлаар ийм асуудлаар шалгалтад ороогүй хүүхэд байхгүй. Тухайн хүүхдүүдийг бусад нотлох бичиг баримтыг нь үзэх, Жишээ нь өмнө их дээд сургууль төгссөн шалгуулагчид бүрэн дунд боловсролын гэрчилгээ олдохгүй байгаа гэсэн шалгуулагчид өөр бакалаврын дипломыг нь үндэслэж оруулах, харьяа боловсролын газраасаа авсан “Б маяг”-ыг үндэслэж шалгалтад оруулж байна.

 

-Шалгалтын байруудын халдвар хамгааллын тухайд ямар байгаа вэ?

 

-Шалгуулагч бүр амны хаалт зүүж шалгалтын байранд гурван нэвтрэх хэсгээр тус бүр тодорхой зааж өгсөн хэсгээр орно. Эдгээр нь халдвар хамгааллын дэглэм сахиж бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс юм. Нэгдүгээр нэвтрэх хэсгээр амны хаалтаас гадна гараа ариутгаад орно. Шалгалтын байранд хүн тус бүр нэг удаагийн бээлийн хэрэглэж байгаа. Хэрэглэсэн бээлийгээ гарах  хаалганы хажууд байрлуулсан битүүмжилсэн хогийн саванд хийнэ.

 

-Шалгалтын дүнгийн лайв мэдээ?

 

-Шалгалт өгсөн  шалгуулагч бүр http://live.eec.mn/ сайтаар орж шалгалт өгсөн аймаг дүүрэг, байр, хичээлээ сонгоод дүнгээ харах боломжтой. Одоогоор шалгалтын зохион байгуулалттай холбоотой өргөдөл гомдол ирээгүй байна.

 

-Шалгуулагчид юун дээр анхаарвал зохих вэ?

 

-Шалгалтын байранд цагтаа ирэх. Шалгалтад ирэхдээ заавал бүрдүүлэх бичиг баримтуудыг бүрэн авч ирэх, гар утас бусад журмаар хориглосон зүйлсийг авч ирэхгүй байх. Баллуур, харандаа, үзүүрлэгчийг Боловсролын үнэлгээний төвөөс олгож байгаа. Та бүхэндээ амжилт хүсье.

 

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ:

 

Долдугаар сарын 03-ны Баасан гараг

10:00-11:40 цагт Хими
13:00-14:20 цагт Газарзүй
16:30-17:50 цагт Нийгэм судлал

Долдугаар сарын 04-ний Бямба гараг

10:00-11:20 цагт Биологи
14:00-15:40 цагт Математик

Долдугаар сарын 05-ны Ням гараг

10:00-11:40 цагт Физик
13:00-14:20 цагт Орос хэл
16:00-17:20 цагт Монгол Хэл

 

 

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

 

1. Бүртгэлийн хуудас / 2020 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас QR код бүхий “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна/;

 

2. Суудлын хуваарь;

 

3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавалгааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/;

 

4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшснийг гэрчлэх баримт бичиг.

 

Шалгалтын байрны “шалган нэвтрэх хэсэг”-т шалгуулагчдын халууныг хэмжих, гарын ариутгал хийх, нэг удаагийн бээлий өгөх, бичиг баримт шалгах, тулгах, зөвлөн туслах үйл ажиллагаа явагдана.

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд заасны дагуу шалгалтын анги танхимд цүнх, гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас зэрэг зүйлсийг авч орохыг хориглоно.

 

Г.Мичидмаа 

 

Shuud.mn
Сонин хачин