А.Амбасэлмаа: 194 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, хоёр хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.03/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. 10 сая 978 мянган хүн халдвар авч, 522 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 183 мянга гаруйгаар нэмэгдсэн байгаа.
Манай улсад 541 хүн ажиглалтад шинээр орж, ажиглалтаас 274 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжлээ. Ажиглалтад нийт 2712 хүн байна.
Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 4000 гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. 119 дугаарын утсанд 154 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 2 дуудлага ирсэн.
АНУ-д 54300 гаруй шинэ тохиолдол, 725 нас баралт нэмж бүртгэгджээ. Харин Бразил улсад 48100 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж, тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 1 сая 496 мянга гаруйд хүрээд байна. Харин нийт нас баралт 61800 болжээ.
БНСУ-д 63 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. БНХАУ-д 5 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Батлагдсан тохиолдлын гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн, хоёр нь дотоодын халдвар байгаа аж.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 194 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Эдгээр шинжилгээг задалж хэлбэл эдгэрээд сувилалд тусгаарлагдаж байгаа хүмүүс, АНУ-аас ирсэн 25 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор гурван хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 24 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан таван хүний шинжилгээ, Орхон болон Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан хоёр хүний шинжилгээ байна. Сайн мэдээ хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэд нь тавдугаар сарын 28-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг оюутан, тир машины орос жолооч байна.
Манай нийт батлагдсан тохиолдол 220 эдгэрсэн тохиолдол 179 боллоо. Харин эмчилгээнд 41 хүн байгаа. Биеийн байдал хөнгөн 35, хүндэвтэр зургаан иргэн байгаа.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ