Т.Чинтүшиг: ЭЕШ-ын даалгавар өмнөх жилийнхээс хүндэрч ирсэн
2020-07-06

 

 

Элсэлтийн ерөнхий  шалгалт  долдугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дууслаа. Шалгалтын  материал задарсан, өмнө жилийн даалгавруудаас даалгавар  хүндэрч ирсэн,  шалгуулагч шалгалтын байранд  гар утастай нэвтэрсэн  зэрэг зөрчлүүд илэрсэн гэж  шалгуулагчид цахим орчинд шалгалтын зохион байгуулалт, үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Энэ талаар шалгуулагчаас тодрууллаа.

 

 2010 оны төгсөгч Т.Чинтүшиг:

 

-Би англи хэл, математик хичээлээр шалгалт өгсөн. Англи хэл хичээл дээр 720 оноо авсан бол математикийн хичээл дээр босго оноонд хүрээгүй. Дүү маань мөн элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Өнгөрсөн жилийнхээс  оноо нь буурсан байлаа. Бид шалгалтад маш сайн бэлдсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хураамжинд харандаа баллуур, үзүүрлэгч багтсан байсан ч ангид үзүүрлэгч хүрэлцээгүй. Манай ангид 13 шалгуулагч байсан ч анги дундаа дөрвөн үзүүрлэгчтэй байлаа. Үзүүрлэгч асуухад хянагч багш нар уурласан. Зарим шалгуулагчид хүнсний бээлийтэй. Математикийн шалгалт өнгөрсөн жилийнхээс хүндэрч ирсэн. Шалгалтын даалгаварт  хичээлийн мэдлэг шалгасан бус асуултууд багтсан байлаа. Энэ жил танхимаар хичээл ороогүй учраас  хөнгөн материал ирнэ гэсэн хүлээлт шалгуулагчдад байсан. Гэвч өмнөх жилүүдийнхээс хүндэрч ирлээ.

 

-БҮТ-д шалгалтын материалтайгаа танилцах өргөдөл гаргасан уу?

 

-Шалгалтын материалтайгаа танилцах өргөдөл гаргасан.

 

Бид  элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт, даалгавар, шалгалтын явцад гарсан зөрчлийн талаар БҮТ-өөс  тодруулж эргэн мэдээлнэ.

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин