Монгол хүүхдүүд дэлхийн боловсролыг үнэ төлбөргүй авч байна
Улсын сургуулийг улаан дипломтой төгсчихөөд эх орноосоо өөр хаана ч үнэлэгддэггүй боловсролын тогтолцоонд цэг тавьж байна. Дэлхийн хаана ч очсон нүүр бардам сургуульд суралцах боломжийг олгохоор Кембрижийн стандартыг боловсролын салбарт нэвтрүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл боловсролын салбарт хувьсгал хийсэн гэсэн үг. Гэхдээ үзэж байгаа хичээлийн нэр өөрчлөгдөхгүй, харин дүгнэх, шалгах систем олон улсын түвшинд байна гэсэн үг. Энэ стандартыг өнөөдөр дэлхийн 167 орон боловсролын үндэсний стандарт болгон нутагшуулж чаджээ. Манай улсын хувьд эхний ээлжинд Кембриж стандартыг төрийн өмчийн 30 сургууль дээр туршиж байна. Ерөнхий боловролын сургуульд ордог бүхий л хичээл орно. Харин сурагч өөрийн сонгосон нэг хичээлээ англи дээр сонгон суралцах боломж нээлттэй гэсэн үг. Тодруулбал, Сэтгүүлч болох хүүхдийг физикийн хичээлээр бөмбөгдөхгүй ээ. Гадаад хэл, уран зохиолын зохиолын хичээлийг хос хэлээр заах юм. Өчигдөр Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн сурагчид Кембрижийн стандартаар хичээллэдэг төрийн өмчит “Шинэ эрин” сургуулиар аяллаа. Тус сургуулийн сурагч ирээдүйд сонгох мэргэжлийнхээ чиглэлээр сонгосон хичээлээ англи хэл дээр суралцдаг. Төгсөөд гарахдаа англи хэлийг төрх хэл шигээ сурч, мэргэжлээрээ суралцахад бүрэн бэлтгэгдсэн байх аж. Сурах орчин олон улсын жишигт хүрсэн багш бус шавь төвтэй кембрижийн стандарттай сургуульд хүүхдүүдэд ихэд таалагдаж ирэх хавар шалгалт өгч энэ сургуульд суралцах хүсэл мөрөөдлийг нь хөглөсөн юм. Суралцах сонирхолтой, хичээл зүтгэлтэй байгаад 5000-8000 ам.доллар төлөх чадваргүй өрхийн хүүхдүүдэд кембрижийн стандартын сургалттай сургууль ирээдүйдээ итгэх итгэл, сурах хүслийг нь улам өдөөж өгч байгаа гэдгийг багш, сурагчид хэлж байлаа. Харин ямар шалгуураар олон улсын жишигт нийцсэн боловсролтой болох боломжтойг сонирхож байгаа хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд Шинэ Эрин лаборатори сургуулийн багш нарын яриаг хүргэж байна. “Шинэ Эрин” Лаборатори сургуулийн захирал Б.Амартүвшин: Боломжтой нь чанартай боловсрол эзэмшдэг энэ тогтолцоог халахын тулд төр Кембрижийн стандартыг нэвтрүүлсэн. Төрийн өмчийн сургууль учраас төлбөр авахгүй. Хамгийн гол нь боловсролын үнэлгээний төвөөс ирүүлсэн шалгалтанд өндөр оноо авч байж Лабаратори сургуульд элсэн орох эрхтэй болно. Кембрижийн сургалтыг жишиг сурах бичгээр суралцана. “Шинэ Эрин” Лаборатори сургуулийн англи хэлний багш М.Өсөхбаяр: Элсэлтийн шалгалтыг Кембрижийн сургуулийн тусгай бэлтгэсэн тестээр авах юм байна. Хамгийн анхны үр дүнгээ тодорхойлох олон улсын шалгалтыг ирэх тавдугаар сард авна. Түүнчлэн чанартай сургалтаас гадна бие даах чадварыг давхар эзэмших ёстой. Сургалтын менежер Д.Ганбаатар: Хэний хүүхэд байх нь хамаагүй. Гол нь хэн байх нь чухал гэдгийг зарчмаар Кембриж стандартын шалгалт явагдана. Тодруулбал хамгийн шударга зарчмаар дэлхийн энтэй боловсролын гэрчилгээтэй болно гэсэн үг. Нэг анги дээд тал нь 20 хүүхэдтэй байх стандарттай. 2014 он гэхэд монгол улсын үндэсний боловсролын тогтолцоонд Кембриж стандартыг нэвтрүүлнэ. Сургалтын арга барилаас гадна сургуулийн орчин нөхцөл бүх зүйл шинэчлэгдэх ёстой.

















СЭТГЭГДЭЛ БИЧИХ